Friday, September 22, 2017

АЛДСАН УТСАА ОЛОХ АРГA

Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.
Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.
Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.

2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно. Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ.
3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Tuesday, August 29, 2017

Хоёрхон алдаа

Tавь гаруй насны нүдэнд дулаахан тэр эмэгтэйтэй би танилцсан даруйдаа л дотносоод явчихсан сан. Бид Улаанбаатараас Москва орох галт тэргэнд танилцсан юм. Тэрээр нийцэрхүү эвлэг зантай, эелдэг зөөлөн төрх байдалтай, сэтгэл татсан нэгэн байлаа. Нэрийг нь Наранжаргал гэх. “Эгчийгээ зүгээр л Жагаа гэхэд болно оо” хэмээн танилцангуутаа хэлэв.
-Эгч нь зориуд галт тэрэг сонгосон гэхүүдээ. Онгоцоор бол өдөртөө яваад л хүрчихнэ, сонирхолгүй шүү дээ. Цаанаа нэг уйтгартай... гэж хэлээд түүний насанд баймгүй дүрсгүй янзаар толгойгоо хөдөлгөөд чанга инээв.
-Харин ч галт тэргээр явах уйтгартай шүү дээ . Хэрэв миний мөнгө хүрсэнсэн бол онгоцоор л нисэх байлаа. галт тэрэгний сайхан нь хямдхан л юм даа.
-Залуу насанд ч дандаа яарч явдаг л даа. Яарч яваа хүн юуг ч анзаардаггүй, бодож тунгаадаггүй юм шүү дээ. Яараад л байна, яараад л байна, яараад л... гэж тэр миний хариултыг сонсоод аяар намуухан хэлэв.
- Хүссэн газартаа өдөртөө хүрнэ гэдэг сайхан биш үү? Хэмээн би гайхан лавшруулсанд:
- Эгч нь үнэхээр онгоцноос зориудаар зугтсан юмаа. Бүхнийг ахин нэг өөрийн нүдээр үзмээр санагдаад. Чи хар л даа, вагоны хаалга яаж хаагддагийг хүртэл мартчихсан байна шүү дээ, би сая хичнээн их будилав. Залуудаа галт тэргээр өчнөөн л явсан даа. Тэр үед “Бушуухан баяжаад онгоцоор л явдаг хүн болох сон” гэж мөрөөддөг байж билээ. Харин одоо бол би онгоцны тийз авах мөнгөгүй тэр л ядуухан насандаа ахиад ганцхан удаа очоод ирэхийн тулд байгаа бүхнээ өгөхөд бэлэн байна. Нээрэн шүү, байгаа бүхнээ. Бүх хөрөнгөө, олсон долсон юм бүхнээ... Ганц л удаа эргээд залуу болдогсон бол...
-Пээ, эргэж залуу болж яадаг байна аа. Би бол ч хурдхан хөгшрөөд сайхан амарч хэвтмээр л байна. Тэтгэвэртээ гарчихаад, бэлэн мөнгө улсаас аваад, цалин энэ тэр гэж санаашрахгүй, дарга цэрэг гэж айхгүй, юунд ч санаа зовохгүй жаргаж суух юмсан. Ажил хийхээ боливол үнэн гоё байхдаа. Өдөр болгон амралт. Сар, жил болгон амралт. Хичнээн амар.
-Тэгдэггүй л юмдаа охин минь. Хөгширчихөөрөө хүн амрах биш харин улам л ядраад байдаг юм.
Тэгээд үхлээс өөр хүлээх юмгүй болно доо. Гээд яахав, бас өтлөв гээд харамсаад ч байхгүй. Миний дүү чи өөрийгөө нэг хар даа. Ямар сайхан харагдаж байгаагаа ... Залуу насаа мэдэрч сур. Аз жаргалаа, бурханаас түрхэн зуур өгсөн цорын ганц энэ өв хөрөнгөө хайрлаж сур. Чамд зөндөө их мөрөөдөл байна. Ирээдүйд тэтгэвэртээ гараад, сайхан амарч жаргана даа гэсэн гоё төсөөлөл байна. Хурдхан очихыг хүсч байгаа мэдэхгүй, танихгүй ирээдүй өмнө чинь байна шүү дээ. Харин надад бол одоо гоё сайхан төсөөлөл, үл мэдэх ирээдүй биш нэгэнт болоод өнгөрчихсөн, дуусчихсан, хэдийнээ мэдэх бүдэг бадаг дурсамжууд л бий. Гэхдээ сайхан дурсамж гэдэг хоёр дахь амьдрал гэж ярилцдаг нь үнэн л юм билээ. Юутай ч, эгч нь одоо залуу нас руугаа эргэн нэг очоод ирвэл... Ердөө ганцхан удаа...
-Яах гэж байгаа юм бэ, эргэж залуу болоод... Бүтээгүй мөрөөдлөө биелүүлэх гэж үү? Мэргэжил энэ тэрийгээ солих гэж байгаа юм уу, эсвэл?
Энэ асуултыг сонсоод Жагаа эгч тас тас инээв. Би тэнэг үгээ хэлж дуусангуутаа л өөрөөсөө ичиж бантсан ч, алдаагаа засахын тулд , бушуухан хоолойн өнгөө өөрчлөөд, нухацтай байдлаар ийн асуулаа:
-Хэрэв нээрэн, та ингээд яа-ааг одоо эргээд залуу болчихвол хамгийн түрүүнд яах вэ? Юу хийх бол?
-Эгч нь үү? Эгч нь тэгвэл ч...
Жагаа эгч ингэж хэлснээ , эгээ л би түүнийг ахин залуу болгох гэж байгаа юм шиг горьдонгуй харцаар над руу ширтсэнээ, дуугаа намсган ингэж хэлэв:
-Хоёр алдаагаа засна даа.
- Хоёр оо?
-Яасан,  их байна уу?
Жагаа эгч ахиад л инээв. Надаар тоглоом тохуу хийн, өхөөрдөнгүй ийн цаашлуулж суух нь түүнд хөгжилтэй байгаа бололтой. Тэрээр галт тэрэгний цонхоор ширтэн, инээмсэглэсэн нүдээ алс тэнгэр өөд хандуулан хэсэг таг болсноо “Хамгийн эхлээд эгч нь арван долоон нас руугаа гялс оччихоод ирнэ...” гэж нууцлаг байдлаар шивнэнгүй хэлэв.
-Арван долоон нас аа? хэмээн би өөрийн эрхгүй сониучирхан дуу алдлаа. Тэгээд энэ эмэгтэйн нүдэнд дулаахан, сэтгэл татах ихээхэн хүч бүхий эрхэмсэг сайхан царайг гайхан ширтэх зуураа “Яасан гоё эгч вэ дээ” хэмээн эрхгүй бодлоо.
-Гоё эгч ахин дуугарсангүй. Тэрээр хэсэг таг болон, намайг хэдийнэ мартсан юм шиг цонхоор гөлөрч орхив. Хэдэн хором өнгөрснийг бүү мэд. Хэн нэгэн үүд тогшиход л сая түүний сэтгэл гаднаас дотогш орж ирэн, эгээ л үхсэн хүн эргэн амилах мэт гэнэт сэхээ орж, намайг анх удаа үзэж буй юм шиг харь нүдээр хачин гөлрөн харлаа. Үйлчлэгч эмэгтэй цай оруулж өгөөд гарсны дараа тэр яриагаа эхлүүлэхээр сая шийдэв бололтой, суудлаа засан тухламагц, өмнөх аягатайгаасаа нэг балгаад над руу учиртайхан ширтэв.
-Арван долоон насныхаа тэр нэгэн шинэ жилийн өдөр рүү гялс очоод ирдэг бол... Тэгвэл ч... Тэгээд дараа нь ухас гээд хорин таван нас руугаа очно доо. Тэгээд нэг юм хийнэ. Ингээд л боллоо. Ердөө...
-За за, та ердөө хоёрхон алдаатай хүн юм шив. Сайхан юмаа. Би бол ч хорь гучин түмэн алдаатай хүн дээ. Аль алдаагаа ч засах гэж явах юм, ёстой бүү мэд гэсэнд Жагаа эгч над руу тогтуухан харснаа:
-Алдаа болгон дурсагдахаар байдаггүй шүү дээ гэлээ. Тэгээд уртаар шүүрс алдсанаа, яагаад ч юм бэ дорогш тонгойн хэсэг азначихаад: “Эгч нь одоо их сайхан амьдарч яваа хүн. Маш сайхан... Хангалуун чинээлэг, тайван амгалан. Надад сайн нөхөр, том болсон дөрвөн сайхан хүүхэд, дажгүй мэргэжил боловсрол бий. Тохитой тулхтай анд нөхөд, орон гэр, унаа машин, үхэх хүртлээ санаа зоволгүй амьдарч болох хэдэн төгрөг... За тэгээд юу эсийг тоочиж барах билээ дээ. Хүний энэ амьдралд чинь яасан ч их зүйл хэрэгтэй байдаг юм. Хүн ч хичнээн шунамгай, дуусч барагддаггүй их хүсэлтэй юм, мэдэхгүй дээ. Ажиллаад л байсан, ажиллаад л байсан, хураагаад, цуглуулаад, зүтгээд л байсан. гэхдээ одоо эргээд бодоход, өчнөөн хүсч зорьж байж өөрийн болгосон юм бүхнээс маш олон нь огт хэрэггүй эд зүйл байсан шиг санагддаг. Эгч нь энэ амьдралаас хүссэн бүхнээ л авсан хүн. Энэ чинь өмнө нь их л олон удаа алдсан, унасан эргэж босохоор зүтгэсний минь хишиг шүү дээ. Тийм болохоор алдаа болгондоо гутраад байдаггүй ээ. Харин харамсал бол өөр хэрэг шүү.” гэв.
Ингэж хэлээд эгч ахиад л хэсэг зуур таг боллоо. Би юу гэхээ мэдэхгүй, түүний хэлсэн бүхнийг эргэцүүлэн мөн хэдэн минут таг чиг дуугүй суув. Жагаа эгч гэнэт үсээ задлан гараараа самнаснаа, ахин боочихов. Их өтгөн сайхан үстэй эмэгтэй аж. Тэрээр үсээ гөлчийтөл чангалан арагш боосноо, галт тэрэгний нимгэн бор хөнжлөөр хөлөө ороож суугаад: -Би нээрэн... Эгч нь хэрэв үнэхээр эргээд залуу болчихвол ямар зүйл хийхийг хүсдэгээ чамд ярьж өгөх үү? Хоёулаа тавын таван өдөр галт тэргэнд хамтдаа ганхаж явах улс байна. Өдрийн уртыг яаж барах вэ, ганганаж, гунганаж л барна биз дээ хө. Ганганаад байнаа, хоёулаа сайхан гунганана. Өрөөндөө хоёулхнаа яваагийн хэрэг юу билээ. Дөрвөн суудал дөрвүүлээ эзэнтэй яваагүй нь бид хоёрын аз шүү. Дөрвүүлээ шуугиж явснаас хоёулаа ганганаж явсан нь илүү дээр” гэж хэлээд ширээн дээрх гялгар ууттай чихрээс нэгийг авч задлан ам руугаа хийснээ тухтай сайхнаар дэрээ налав аа.
Арван долоон нас
Найз охид минь өөр хотод сурахаар явсан жил. Би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд байлаа. Найзууд маань мэргэжил сургуулиа сонгоцгоож, харин би хүссэн сургуульдаа орж чадсангүй. Тэгээд ирэх жилийн уралдаант шалгалтанд бэлдэх нэрээр гэртээ уйтгарлан хэвтэж байтал нэг өдөр ангийн минь найз хүү манайхаар хөөрүү янзтай хүрч ирэв ээ. Өөр хотод сурахаар явсан манай хоёр найз охин биднийг шинэ жилээр ирэхийг урьсан байлаа.
Аав ээжийнхээ хөлд суухаас наагуур шалж өдөржин гуйж гувшсаар арайчүү зөвшөөрүүлсэн би ердөө гурав хоногийн эрх чөлөөгөөр шагнууллаа даа. Аавын өгсөн хэдэн төгрөгөөр хоёр найздаа чамгүй үнэтэй бэлэг авчихсан би халаасандаа сохор зоосгүй шахам үлдсэн тул ангийнхаа найз хөвгүүнээр галт тэрэгний тасалбар авахуулаад хамтдаа гараад өгөв өө. Ядуу байх ч заримдаа сайхан шүү дээ, хө, бодож санах юмгүй, ачаа тээр ч үгүй. Одоо хэрэв би шинэ жилийн баярт оролцохоор өөр нэг хот руу явах болвол ч, ээ ёстой яана аа, бараг гэрээ нүүлгэх байх даа. Элдэв солионы хувцас, чимэг зүүлт, будаг шунх, эм тариа, бэлэг сэлт гээд л бараг чемодан дүүрэн юм чирнэ биз. Тэр үед яахав дээ, надад бага эгчээсээ гуйж гуйж арайхийн зээлж авч өмссөн хар даашинз, том эгчээсээ түр авсан энгэрийн чулуун зүүлтнээс өөр гоёо гэх юм байсангүй. Цүнхэндээ алчуур, сойз, найзууддаа авсан бэлэг, уншиж байсан ном гурваа нэмж хийгээд л болох нь тэр. Ангийн найз хөвгүүн маань ч бас миний адил аа. Гэхдээ тэр над шиг үүргэвч ч үүрсэнгүй, ердөө халаасандаа гараа хийгээд л болох нь тэр. Найз хоёр гараад өглөө дөө.
Тэр хүү манай гэрт үдэш болгон ирэх болсоор бараг гурван жил болж байгаа юм. Үгүй, үгүй чи
буруу бодож байна. Миний үерхдэг хүү биш. Тэр намайг нэг ч удаа гуйж байгаагүй юм. Манайд ирэх болгондоо л элдэв охидын зураг барьчихсан, энэ охиныг ч панаалдах гэж байгаа, тэр охиныг ч эргүүлж тойруулсаар, толгойг нь эргүүлэн зөвшөөрүүлээд баллаж хаясан гэхчлэн дуусашгүй юм ярьж явдаг, за тэгээд ихэнхдээ надаас зөвлөгөө авдаг, товчоор хэлбэл, би өөрөө охин мөртлөө л охидыг панаалдах ажлыг алсаас гардан хийдэг байв даа. Маш гоё дуулдаг, гитар хөгжим их сайхан тоглодог тэр хүү нэлээн хөдөлгөөнтэй, юугаараа ч юм бэ, тэрүүхэндээ л алдартай, бидний үеийнхний нэрлэдгээр бол том “хулигаан” л даа. Нээрэн эгч нь багадаа хулигаан найз ихтэй байсан. хачин юм шүү, би чинь өөрөө их гэрсэг, хичээл номдоо сайн, даруухан томоотойгоороо алдартай охин байлаа шүү дээ. Тэгтэл яагаад ч юм бэ, дандаа хулигаануудтай найзалдаг гэж байгаа, инээдтэй. Манай тэр хулигааныг Баадай гэнэ. Ёстой өдөр алгасахгүй манайхаар ирнэ дээ. Бүр хайртай гитараа манай гэрт авчраад тавьчихдаг байсныг яана. Тэгээд л орцонд хөгжмөө тоглоод суучихна. Би яахав, дуудахаар нь гарч шатан дээрээ суугаад л, нэг бол түүнийг сонсоно, нэг бол өөрөө донгосно. Манай хүн сонсоод л , яриад л, инээгээд л, хоёулаа охидын зургийг харж элдвээр өөлж гоочлон, нэр хоч өгөн, эсвэл хөөрхөн сайхныг нь бахдан шагшаад л. Баадай маань байсхийгээд л хэн нэг охинд хайртай дуртай болчихно. Тэгээд ямагт л нэг хачин уруу царайтай болчихсон хүрч ирээд оройжин дурлалын түүхээ яриад л, би ч яахав, хэрэгт дурлан амаа ангайж ирээд л чагнана шүү дээ. Хүн угаасаа дурлачихаараа хэн нэгэнд яримаар санагдаад болдоггүй дээ, Баадай маань намайг хамгийн итгэлтэй найз гэж тооцсон уу, эсвэл хэрэгтэй зөвлөгөө өгчихөөр сүрхий охин ч гэж бодсон уу, хөөрхий орой болгон л орцны шатан дээр толгойгоо ганзагалаад суучихсан хүлээж байдагсан. “ Одоо би яах вэ?” гэдэг арга барагдсан асуулт нь л түүнийг дурсах болгонд хамгийн түрүүнд санаанд орж ирдэг юм.
За тэгээд ангийнхан маань, байрныхан маань, найзууд маань, эр эмгүй л хэн нэгэнд дурлаад байдаг, дурлаад байдаг. Би байдаггүй ээ. Хэнийг ч мөрөөдөхгүй, сонирхохгүй, онцолж харсан юмгүй, ер нь бол энэ талаар санаж бодохгүй. Хичээлээ хийчихээд л нохойтойгоо тоглоод хэвтэж байх. Тэр ч байтугай ангийнхаа хөвгүүдтэй хөл бөмбөгддөг, нэг удаа хаалгач хийж байгаад яг нүүр рүүгээ айхтар чанга бөмбөгөөр цохиулснаас хойш л хаширч, энэ миний хийх ажил биш юм гэж ойлгож байлаа шүү дээ. Үгүй ээ үгүй, зүгээр л нэг тийм хүүхдэрхэг хачин амьтан явсан байхгүй юу, түүнээс биш гаднаасаа бол тийм эршүүд янз маягтай яваагүй. Хөвгүүд үү? Намайг уу? Гуйна аа, гуйна. Нэг л мэдэхэд хэн нэг нь сайн болчихсон байдагсан. Гуйхаар нь би хаа очиж тоглоом тохуу хийхгүй ч ер догдолж сүйд болохгүй, баярлаж хөөрөхгүй, дэмий юм хийж байгаа хүнийг харсан хүн яадаг билээ, тийм л хайнгуут байдлаар харж, сонсчихоод, тэгс ингэсгээд аргалаад явуулчихна. Хөвгүүдээс илүү орос дэлгүүрийн шоколад мөрөөддөг байв даа. Үдэш орой болоход охид дэрвэлзэн болзоонд гараад гүйдэг байхад би гэртээ, ээжийнхээ нуусан чихэр шоколадыг хайж олох их аянд мордоно доо. Тэгэхдээ хэзээ ч хоосон байхгүй шүү. Хулгайч шиг л гэтэж гүйсээр, нохой шиг үнэрлэсээр байгаад олчихно. Яаж ийгээд л олно шүү дээ. Гэхдээ дараа нь хэзээ ч мэлзэж чаддаггүй, улайж ирээд л баригдчихна аа, зайлуул.
За тэгээд ийм л нэгэн инээдтэй охин дагуулсан хулигаан хүү хоосон гараа халаасандаа шургуулаад Эрдэнэт явах галт тэргэнд суулаа даа. Галт тэргээс өөр унаа тэгэхэд ямар байсан ч биш. Байлаа гэхэд бид хоёр ямар өөр унааных нь мөнгийг дийлэх ч биш. Ангийнхан маань аравдугаар анги төгсөөд ийш тийшээ тараад явчихсан. Хулигаан бид хоёр л үлдчихгүй юу, бараг л хоёулхнаа шахуу даа.
Хоёр найз охин маань биднийг бөөн баяр угтлаа. Орон гэрээсээ алс амьдарч байгаа, насанд хүрсэн “том хүний” ёсоор тэд маань аргагүй л өөрчлөгдөн, хэдхэн сарын дотор анзаарагдахаар өсч, илт хүүхэн шинжтэй болжээ. Баадай бид хоёр үүнийг шууд л олж анзаарсан. Тэгээд үг дуугүй харц солилцоод зэрэг зэрэг энэ тухай найз охиддоо хэлж, магтан биширсэн юмдаг. Манай хоёр найз охин уу? За тийм ээ, бид гурав чинь салдаггүй гурван хүүхэлдэй байлаа шүү дээ. Аравдугаар ангиа төгсөөд хамтдаа нэг дээд сургуульд, нэг ангид, нэг мэргэжлээр суралцана гэж тангараглаж байж билээ. За байз, есдүгээр ангид билүү дээ. Гурвуулаа баруун гараа нийлүүлж атгаад чанга дуугаар энэ тухайгаа шүлэг шиг уншин байж тангараг тавьсан юм. Хүүхэд нас аа гэж, хөөрхөн шүү. Гэтэл яг төгсөөд, хуваарь авдаг өдрөө л нэг дээд сургуулийн нэг ангид гурвуулаа зэрэг элсэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгоцгоосон. Тэгэхэд чинь хүүхдүүдийг дүнгээр нь жагсаагаад улаан шугам татчихдаг, улаан шугамаас доош жагссан хүүхэд дээд сургуульд орох ямар ч найдлагагүй болдог байлаа шүү дээ. Бид гурав хаа очиж хичээлдээ сайн охид байсан юм. Нэг найз охин маань зэргэлдээ ангийнх л даа. Тэр маань ангидаа сурлагаараа нэгдүгээрт жагсаж, харин манай ангийн найз охин бид хоёр болохоор ангидаа хоёр гуравдугаарт дарааллан жагссан юмдаг. Тиймээс нийт сургуулийн хэмжээнд бид гурав чинь эхний аравт элбэг багтаад, хэн нь ч дээд сургуульд орох нь тодорхой болов оо, чи минь. Дээгүүр оноотой хүүхэд явж ороод л хүссэн хуваариа авдаг байсан цаг.Гэвч гурван тэнэг яахав дээ, учиргүй аминчлан шивнэлдэж байгаад “Хагацахгүй, үүрд...” гэсэн андгайндаа хүрцгээе. Эрдэнэтийн техник мэргэжлийн сургуулийн (ТМС) оёдолчны анги л гурван ширхэг ирсэн байна. Үүнийг авцгаая. Өөр бүх сургуулийн хуваарь нэг нэг л ирж. Тиймээс Эрдэнэт явцгаая. Дараа нь түүнийгээ төгсөөд хамтдаа дээд сургуульд оръё. Гурвуулаа хамт байх өөр арга алга” гэж ярилцлаа. Нөгөө хоёр маань надаас түрүүлж ороод багш нараас зөрсөөр байгаад оёдолчны хуваарь аваад гараад ирлээ дээ. Сургууль даяар л бөөн яриа боллоо шүү. “Дээд сургуулийн хуваарь авах ёстой охид ТМС-д орчихлоо” гээд л. Харамсалтай нь миний ээлж болоход ах маань дагаад орчихов оо. Ангийн багш л гэр орныхонд маань хэл хүргэж амжсан байж. Ингээд захирлын өмнө ахтайгаа хэрэлдэж, уйлж унжин бөөн юм болсон доо. Ах маань намайг чихдэж байгаад нөгөө оёдолчны хуваарийг авахуулалгүй өнгөрөөж дөнгөсөн юм. Намайг уйлаад, өөр дээд сургуулийн хуваарь руу харах ч үгүй байсанд аргагүйдэхдээ миний өмнөөс шийдвэр гарган: ТМС-д орсноос ядаж коллежид сур, алсдаа мэргэжилдээ дуртай болохоороо ахиж дэвшээд дээд сургуульд орчихно” гэж загнаад ганцхан ирсэн байсан бага ангийн багшийн хуваарь л илүү содон харагдсан бололтой, эргэлзэлгүй аваад гараад ирлээ дээ. Ингээд л би тангараг няцсан урвагчийн дүрд очиж, хоёр найз маань хамтдаа яваад өгсөн хэрэг.
Гэхдээ тэд маань надад уурлаагүй ээ. Бүхнийг нүдээрээ харсан тул намайг даруй уучилсан. Хагацан салж үзээгүй хоёр найзыгаа явуулчихаад би ихэд гуньж гансарч суусан нь мэдээж ээ.
Баадай бид хоёрыг яваад очиход тэд маань бөөн баяр болов доо. Найзууд маань дотуур байранд амьдарч, оюутны цалин авч, моодны даашинз оёж сурсан төдийгүй, өөрсдөөс нь хэдхэн насаар эгч бүсгүйтэй буюу ангийнхаа багштай үерхэн зиндаархаж, яг л том хүн шиг болцгоосон байлаа.  Багштайгаа үерхдэг гэдгийг нь сонсоод би үнэн атаархав.
Тэд маань Баадай бид хоёрыг ирэх сургаар өчнөөн их юм бэлдэж амжжээ.найзуудын маань ангийн багш болох, Улаанбаатараас Эрдэнэтэд уригдан ажиллахаар шилжиж ирээд удаагүй байсан, хорин гуравхан настай залуухан тэр эмэгтэй гурван өрөө байрныхаа түлхүүрийг шавь охиддоо орхиод, шинэ жилийг ээж аавтайгаа өнгөрүүлэхээр нийслэл рүү яваад өгчээ.
Хоёр найз маань биднийг галт тэрэгний буудал дээр дуу шуу болон угтан аваад шууд л шинэ жилийн үдэшлэгийн айхтар урт төлөвлөгөөгөө танилцуулж эхэллээ. Арван хоёрдугаар сарын хорин найман байсан юм. Битүү цастай, нүд гялбасан цав цагаан өдөр, хоёр найзтайгаа хөтлөлцөн, тасралтгүй инээлдэн бөөн хөөр хөгжөөн болсон гурван амьтан Эрдэнэтийн гудамжаар өдөржин алхав. Тэд маань ам хуурайгүй ярьж, бас миний тухай асууцгаана. Баадай хулигаан харин найз охидыг аминчлан шивнэлдэх зайлшгүй эрх чөлөөтэй нь орхиод, Эрдэнэтийн хулигаануудтай танилцахаар ч юм уу, бүү мэд, хаа нэг тийш алга болоод өгөв өө. Ингэхэд би чамд хоёр найзынхаа тухай тодорхой ярихаа мартчихаж шүү дээ. Уртаа, Баянаа хоёр маань их сайхан охид. Сайн ч охид. Толгой сайтай тул хичээл номдоо гаргууд, хэн хэн нь төлөвхөн зантай, зөв хүмүүжилтэй, эгэл сэхээтэн айлын хүүхдүүд. Гэхдээ Уртаа нь царайлаг хөөрхөнөөрөө манай сургууль дээр төдийгүй хотдоо алдартай нэгэн байлаа л даа. Баянаа бид хоёр ч яахав, царай зүсээр бол жирийн л охид явсан. Уртаагийн араас бол хөвгүүд ёстой хөлөө хугалчих гээл гүйнэ шүү дээ. Бидний найз гэдгийг мэдэх хөвгүүд Уртаад ойртохын тулд надад долигнодог байв аа. Бэлэг сэлт өгөөд л, тал засаад л, бараг миний “суу гэсэн газар сууж, бос гэсэн газар босох” нь холгүй гүйдэгсэн, зарим нь хөөрхий надад л таалагдчих юм бол Уртаатай үерхчихнэ гэсэн горьдлоготой хөвгүүд манай үүдээр эргэлдэн, Баадайд маань заамдуулан, хөөгдөөд буцна шүү дээ. Баадай чинь миний бие хамгаалагч байхгүй юу. Би яахав Уртаагаа танилцуулна гэж амлачихаад л өнөө хөвгүүдээр нь шоколад чихэр зөөлгөсөн шигээ томорч суухаа мэдэлгүй дээ. Эрдэнэтэд ч мөн адил, Уртаа маань бөөн шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ.
-Өнөө орой цөмөөрөө зад ёолкдоно оо. Багшийн гэр бүрэн бидний мэдэлд. Урд шөнөжингөө бид хоёр гацуур модыг нь чимэглэж, чамд таалагдахуйц гоё болгох гэж аймаар хичээлээ. Чиний санаанд ямар хэр баргийн юм таарах биш дээ. Гэхдээ л бид хоёр аймаар гоё болгосон шүү. Үүдний өрөөнөөс эхлээд гал зуух, жорлон, бүр тагтыг хүртэл битүү чимэглэсэн. Гацуур модон дээр нь шоколадан өвгөн арван нэгийг олж өлгөсөн гээд л бод. Гэхдээ хөөе, хөөе чи идэлгүй ядаж хоёр хоног тэснэ шүү, за. Буцахад чинь бүгдийг нь чамд өгөх гэж байгаа юм. Өнөө орой бид гурав дээр Уртаагийн шинэ найзууд ирнэ, нэг нь эндэхийн их том даргын хүү гэсэн, баян айлын хүүхэд ээ тэр, аягүй бол маниуст бэлэг гээд бөөн шоколад авчрах биз гэж Баянаа дуржигнууллаа. Оюутан болчихсон атлаа, гаднаасаа бол дэгжин том хүүхнүүд шиг харагдах хэрнээ л тэд маань урьдын адил, нялхаараа зүйлсийг ярьцгаав.  Шинэ жил ийнхүү эхэллээ. Миний хамгийн дуртай баяр. Дуртай энэ баяраас минь л бүх юм эхэлсэн дээ.
Залуухан багшийн гэр үнэхээр цэвэрхэн, бас сонирхолтой байлаа. охид ч үнэхээр их хичээжээ. Цонхон дээр нь үнсэлцэж байгаа хосын зураг зурж, угаалгын өрөөний толийг хүртэл саагаар чимэглэн, уруулын будгаар Happy New Year гэж палийтал биччихэж. Тэр үед ховортоо тооцогдон, огт олддоггүй асан Модерн Токинг хамтлагийн пянз л гэхэд тэдний гэрт ном шиг л өрөөтэй байсан нь миний бахдал бишрэлийг төрүүлэв. Бид толины өмнө эргэлдэж, нэгнийхээ үсийг буржийлган, янз бүрээр самнаж, өдөржин аальгүйтэн хөхрөлдлөө. Арван зургаан цагийн үед ширээгээ засаж дөнгөж дуусаад байтал үүд тогшив. Би амаараа дүүрэн амттан чихчихсэн чигээрээ ганц харайгаад л үүдэн дээр оччихсон сон.
Харин... харин хаалга нээнгүүтээ гайхаж ухраад, бантсандаа хахаж цацан нүдний булай болж билээ. Учир нь хаалганы цаана хүүхдүүд биш, ханхайсан дөрвөн залуу зогсож байх нь тэр ээ.
-Сайн уу? гэж тэд намайг хармагцаа хэсэг зуур гайхан ширтсэнээ, цэргүүд шиг нэгэн зэрэг чанга хэлэв. Би толгой дохичихоод, гарынхаа араар амаа арчмагц буцаад гүйчихлээ. Найз охидын минь найзууд бодсоноос хамаагүй том эрчүүл байсан нь намайг айлгачихсан хэрэг.
Бараг арваад хормын дараа хоёр найзаараа чихдүүлэх нь холгүй чирүүлсээр том өрөөнд халгасхийн явж ороход тэд ширээний ард зэрэгцээд суучихсан, нэг л тулгамдсан шинжтэй, дуулгавартай хүлээцгээж байсансан. Би цаанаа л дургүй, биеэ барин явсаар ширээний захад очиж суулаа. Тэд дөрвүүлээ над руу цоо ширтэв.
-За манай найз охинтой танилц! гэж Уртаа маань нүүрэмгий хэлээд , инээмээр юу ч болоогүй байхад аальгүйтэн тас тас хөхрөв. Хэвийн байдалдаа орох гэж би мөн ч удсан даа. Дөрвийн дөрвөн танихгүй ах өөдөөс ширтээд байхад ямар охин тайван сууж чадах билээ. Хөвгүүд нэрээ хэлэн нэг нэгээрээ надтай гар барьцгаав.
Анхны харцаар ирдэг дурлалд чи итгэдэг үү? Эгч нь итгэдэг юм. Тэгэхэд... Тэгэхэд л би түүнийг олж харсан даа. Нилээн тайвширсныхаа дараа зориг орон , түгшсэн, гайхсан нүдээр хөвгүүдийг сэм ажиглан харав. Дөрвүүлээ адилхан өндөртэй, тамирчин маягийн чийрэг өсгөлүүн биетэй, бас их цэвэрхэн царайтай залуус байлаа. Уг нь бол ч бид чацуу юм билээ л дээ. Тамирчид болохоороо анх их том харагдсан юмсанж. “ Дөрвүүлээ усан спортоор хичээллэдэг юм. Их мундаг сэлдэг” гэж Баянаа шивнэлээ. Эрдэнэтийн усан бассейн социализмын үед их ч алдартай байсан даа.
Би яагаад ч юм бэ, цагаан царайтай, эм хүнийх шиг цэвэрхэн гартай, ээжийн эрх хөвгүүдэд дургүй юм. Тэд эхэндээ тийм л хөвгүүд шиг харагдав. Харин тэр маань... Тэр бусдаасаа юугаараа ч юм бэ, нэг л өөр... Өөр байсан даа. Эрх хөвгүүний гэхээсээ төрөлхийн болов уу гэмээр цонхигор царайтай, юм бүхнээс хол, нэг л ганцаардмал шинжийн бардам төрхтэй ч нэвт шувт ширтсэн зоримог хар нүдтэй хүү байлаа. Тиймээ, нүд нь... Нүд нь л надад маш их таалагдаж билээ. Анх харангуут.
Уртаад дурлаад, араас нь гүйх болсон гэх, өнөө яриад байсан, том даргын эрх хөвгүүн найзуудаа дагуулан ирсэн нь энэ. Гэхдээ тэдний царай зүсийг би одоо бараг л мартжээ. Харин нэгнийх нь тухай, тэр хүүгийн тухай л ямагт, одоо ч гэсэн боддог юм даа. Үнэхээр хөгжилтэй байсандаа тэр орой. Гурван охин, дөрвөн хүү... Бид бүжиглэж, хамтдаа дуулж, бас дараа нь Уртаагийн залуугийн бодож олсон аальгүйтсэн тоглоомоор тоглоцгоов. Тэгээд ядраад ширээний ард чив чимээгүй сууцгаан, инээд алдах хүртлээ ширтэлцэнэ. Гэхдээ хэн хэн нь их хүмүүжилтэй хүүхдүүд явжээ, үнсэлцэх зэргийн юм бол зүүдэнд ч ордоггүй байж. Хөөрхий бүжиглэж байхдаа л санаатай, санаандгүй шүргэлцэхээс хэтрэхгүй. Миний онцолж харсан тэр хүү намайг анх том өрөөнд орж ирж суусан цагаас л нүд салгалгүй ширтсэн юм. Би түүнд таалагдаж байгаагаа шууд л мэдэрсэн. Хамгийн, хамгийн, хамгийн хачирхалтай нь хөвгүүдтэй яг л хөвгүүн шиг харьцаад сурчихсан би тэгэхэд анх удаа өөрийгөө нэг л өөр байгааг мэдрээтэхэв. Ямагт ичиж нүүр байтугай гар хуруу хүртэл улайж, юунд ч юм бэ баярлан догдлоод, сандарч тэвдэн дэрвэлзээд эхэллээ дээ. Сэрээгээ алдаж унаган, аягатай ундаагаа цалгиулж асган, бялуу зүсэн тараахдаа хольж солин, будилж гүйцэв. Уг нь ч энэ тухай надаас өөр хүн анзаарсан юмгүй мэт байсан л даа. Гэвч би тийн бойтоглох бүртээ өөрийгөө гайхан дотроо эгдүүцэж, газрын гаваар орчихмоор санагдаж байв. Ер нь бол тэр хүү ч надад таалагдаад байгааг ойлгох гэж их л удсан даа. Таалагдахаар барахгүй түүнд ихээр татагдаж байгаагаа гэнэт мэдэрсэн. Бид харц тулгарах бүрийд би сандран дальдравч ахиад л түүн рүү харчихаад болохгүй байв. Тэгээд өөрөөсөө ичиж, өөртөө уур хүрэн, бухимдана.
Хүү намайг цоо ширтэнэ, ширтэх ширтэхдээ бүр энэ хорвоо дээр биднээс өөр хэн ч үгүй юм шиг тийм л дотно, балмагдам шууд бүх биеийг цоо хатгаад байна уу гэлтэй зүрх цочирдом илэн далангүй харцаар халуу оргитол нэвт шувт ширтэнэ. Найзууд нь түүнийг хэдийнээ мэдчихээд шоолж тохуурхах янзтай үг чулуудсан ч тэр огт тоосонгүй. Юу ч ярилгүйгээр, тэр байтугай ямар нэг илүү хөдөлгөөн хийлгүйгээр, зүгээр л намайг хараад... хараад л суугаад байж билээ.
Нас биед хүрч, хожим жинхэнэ эмэгтэй хүн болсон хойноо эгч нь олон хайрын харцтай тулгарч явсан. Гэхдээ тэр хүүгийнх шиг зоригтой, тэр хүүгийнх шиг илэн далангүй, тэр хүүгийнх шиг бүхнийг шуудхан ярьсан, бас тэгтэл бахдан биширсэн харцтай ахин ер тулгарч байгаагүй санагддаг юм. Хүүгийн харцнаас би тэр яг л над шиг хүн болохыг нь, тиймээ, тийм, яг над шиг бусдад дурлан татагдаж яваагүйг олж мэдсэн. Тэгээд бас яг тэгэхэд л, нээрэн шүү анх удаа л хэн нэгэн эмэгтэй хүнд, тиймээ тийм, тэр нь мэдээж би шүү дээ, надад анх удаа, гэхдээ бүр анхны харцаар дурлачихаад байгааг нь догдлон догдлон мэдэрсэн билээ.
Би бялуу идэж, жимсний шүүс ууж, хөгжим чагнаж суусан ч үнэндээ бол юу ч идэхгүй, юу ч уухгүй, юу ч сонсож чадахгүй байсан юм. Зөвхөн түүний тухай бодож, түүний харцыг уншихаар оролдож, түүний өчүүхэн төдий хөдөлгөөнийг ч арьс махаараа мэдэрч суулаа. Би харцаа буруулан тонгойх үедээ ч тэр хүүгийн харцтай тулгарч, арагшаа эргээд найз охидтойгоо ярьж байхдаа ч түүний харцанд шаттал төөнүүлж суусан. Миний бүхий л бие, мөр, гар, хүзүү, үс, уруул түүний нүдээр дүүрч, би нэгэн бүхэл цул юм биш, саланги саланги эд эрхтнүүд болчихсон ч юм шиг, суугаа чигээрээ жингүйдээд,сандал дээрээ хөвөөд ч байх шиг санагдана. Дурласан эр хүний нүдэнд ээрүүлж суугаа бүсгүй хүн юу мэдэрдэг гээч? Өөрийгөө, жинхэнэ дотоод хүнээ, төрөлх эм шинжээ бүхлээр нь мэдэрдэг юм. Тэр үдэш би анх удаа л өөрийгөө аятай сайхан охин мэтээр мэдрэв. Миний үс урьдынхаасаа хар болчих шиг. Миний арьс гар хүрэхийн аргагүй булбарай зөөлөн болчих шиг. Миний дуу хоолой хачин намуун уянгалаад ч байх шиг. Гэхдээ л инээмээр үедээ инээж чадахгүй, энэ айхтар харцнаас зугтаад өөр өрөө рүү орчихъё гэвч босоод явчихаж чадахгүй л байлаа. Балмагдаж сандраад, баярлаж догдлоод ийн чулуу шиг болчихсон намайг харин найз охид маань тэс өөрөөр ойлгочихов. “ Чи өнөөдөр яагаад ийм хачин байгаа юм бэ? Замдаа унтаж чадаагүй болохоор ядраад байна уу?” гэж Уртаа асуув. “ Чамд энэ залуучууд таалагдахгүй байна уу, гарцгаах уу эндээс, тарах уу?” гэж Баянаа мөн шивнэв. Харин би хаашаа ч гармааргүй, хаашаа ч явмааргүй, яг ингээд, энэ байранд, энэ өрөөний энэ л ширээний ард, энэ үл таних хүүтэй хамт ингээд суугаад баймаар, үүрд суугаад баймаар байлаа. Найзууд хүний сэтгэлийн тал гэж ярьдаг, заримдаа ч шал худал шүү, тиймээ? Өчнөөн олон жил найзалчихаад охид намайг мэдэрч чадахгүй л байгааг нь би гайхаж суув. Надад хэн нэгэн нь анхны харцаар дурлаж би бас мөнөөхөн хэн нэгэнд нь анхны харцаар дурлачихаад байгааг миний хамгийн хоёр сайн найз ухаарсан янзгүй. Харин мөнөөхөн хүүгийн найзууд аяархан инээлдэж, хүүг ёворч, чихэнд нь ямар нэгэн үг шивнэн над руу учиртайхан харцгаана. Гэвч тэр огт хөдөлсөнгүй. Хачин зоримог, халдахын аргагүй цэх бардам, айдас хүрэм үл ойлгогдошгүй төрхтэй тэр хүү яг өөдөөс нь харж суусан охиныг биш (Баянаа тэр хоёрын сандал эсрэгцэж таарсан юм) түүний хажууд суугаа, мэдэхгүй хотоос ирсэн, огт танихгүй охиныг л ширтээд суугаад байсан даа. Би анх удаа өөрийн гадаад байдал, гоёл зүүсгэлд санаа зовинон, хувцас чимгээ голов. Эгчийн энэ даашинз энгэрээрээ арай задгай ч юм шиг, бэлхүүсээрээ хэтэрхий бариун юм шиг гэнэт санагдаад явчихлаа. Бас өвдөг ч хүрэхгүй хэт богинохоныг хэлэх үү. Өөрт минь хэзээ ч таалагдаж байгаагүй, хэтэрхий нарийхан хоёр нүцгэн хөлөө ширээний дор нуун, богино хормойныхоо хоёр талаас байдгаар нь чангаан доошлуулж суув. Уг нь бол сууж байсан тул тэр даашинзны хормой сэлт ер харагдахааргүй л байсан л даа. Гэвч би хормойноосоо л татан зуураад байснаа сайн санадаг юм. Уртаа маань намайг хөөрхөн болгох гэж хэрдээ хичээж , оройжин толины өмнө суулгасны эцэст үсийг минь буржийлгаад, том хүүхнийх шиг овоолон, яг орой дээр нь шуучихсан юм. Тиймээс хүзүү минь галууных шиг л сунаад явчих шиг санагдахад би ичин бөхийж, бас хамаг цээж хүзүүгээр салхи сийгэн, даарах шиг ч болно. Ширээн доор нуусан, будаггүй хумстай гараараа хормойгоо урчих шахуу тас атган, учиргүй зулгаан байхдаа “Ээмэг зүүдэг байж, үгүй ээ зүүгээгүй нь зөв болж, ээмэг зүүдэг байж, зүүгээгүй нь л хамаагүй дээр дээ” гэсэн хачин зөрүү бодлыг сэтгэлдээ дэмий бувтнаж, ухаан санаандаа тойвтой төвлөрсөн юм санаж төсөөлж чадахгүй суулаа.
Тэгтэл...
Гэнэт нөгөө, үггүй ширтсэн, цоргисон харц дулаан оргиод явчихыг мэдэрлээ. “ Хөшөө хүү” амилж хэлд орох нь тэр ээ. “Чи даараагүй биз?” гэж хүү санаанд оромгүй аяархан дуугаар гэнэт асуув.
Өрөөнд ялаа ниссэн ч дуулдахаар чимээгүй болж, бүгд бид хоёр руу зэрэг харах нь тэр шүү. Хөшөөний гэнэтийн “амилалтанд” гайхсандаа, бас асуусан олон харцанд тэвдсэндээ би амандаа бувтнаж байсан үгээ хэлээд тавьчихав.
-Ээмэг...
Хүүхдүүд гайхсандаа бүр ч чимээгүй болов. Би бантан хэсэг зуур час улайн бөглөрснөө, гэнэт тэнэг юм шиг инээчихээд” Чи даараа юу? Энд халуун байна шүү дээ” гэчихэв ээ.
“Ээ ээж минь юу гээд хэлчихэв ээ” хэмээн хэлж дуусангуутаа л палхийн, аврал эрсэн шинжтэй ийш тийшээ бүлтгэнэн хартал, ашгүй нүүрэмгий бяцхан Уртаа маань намайг өөрөө ч мэдэлгүй аварч , эвгүй тэр хормыг оргүй арилтал хөгжилтэй чанга инээлээ. Би тайвшран арай гэж сэхээ ортол Уртаа над руу дөхөн ирж, ар нуруугаар минь тэвэрснээ “ Өө чи чинь ээмгээ зүүгээгүй байна шүү дээ, мартчихсан уу, мангараа? Хүн сануулаад байхад чинь дээ... Гэхдээ зүгээрээ, ээмэггүй ч гэсэн манай найз охин хөөрхөн л харагдаж байгаа байгаа биз дээ?” гэдэг байгаа. Хөвгүүд инээмсэглэн, дэмжсэн шинжтэй ам амандаа шуугилдаад явчихав. “ Ээмэг байтугай энэ хүзүүний зүүлтгүй байсан ч танай найз хөөрхөн л харагдана” гэж нэг нь жоготой хэлээд инээлээ.
“Хүзүүний зүүлт байтугай гуталгүй байсан ч хөөрхөн л харагдана” гэж нөгөө нь тэгтэл ам дагуулан хошигнодог байгаа. Бөөн хөхрөлдөөн дундуур “ Гутал байтугай палаажгүй байсан ч танай найз хөөрхөн л харагдана” гэж гурав дахь нь цаашлууллаа. Ингээд өрөөнд чих дүлийрэм их дуу чимээтэй болж, архи биш шар айраг хийсэн хундагануудаа жингэнэтэл бараг хагартал чанга чанга тулгах хүүхдүүд гэнэт хөөрцгөөгөөд, цааш ахиулан, явуулан шүлэглэж гарлаа.
Би үхтэлээ ичиж чичирсэн гараараа ээмэггүй чихээ имрэн доош харж сууснаа зориглон дээш хартал тэр л ганцаараа инээхгүй, гэхдээ яг урьдынх шигээ тас ширтсээр л байгаа үзэгдсэнд бүр ч сандарч орхив. Цаашид ингээд л, энэ айхтар харцанд ээрүүлэн, гэмтэн шиг бөнжигнөн чичирч сууж тэсэхгүйгээ гэнэт ойлголоо. Ухасхийн босоод угаалгын өрөө рүү гүйхээрээ явж очив. Халуу шатаж улайсан хүзүү, нүүрээ хүйтэн усаар булхаж булхчихаад толинд хартал өнөө айхтар будаг шунх маань юу ч үгүй урсаад арилчихсаныг үзэн, цочин дуу алдав аа. Тэгээд хэсэг бодол болон сууснаа ахин будахгүй байхаар шийдлээ. Хэрхэхээ мэдэхгүй хэсэгтээ л догдолж, юунд ч юм бэ түгшиж, ийн сууж суучихаад эцэстээ овоо тайвшрав. Гэвч ингээд л суугаад байж болохгүйгээ ухаарсан тул тэндээс гарахаар дургүйхэн шиг түгжээгээ мулталлаа. Харин угаалгын өрөөний хаалга нээнгүүтээ харсан юм бол... Тиймээ мэдээж түүний минь царай. Бид мөргөлдөх дөхсөндөө аяархан дуу алдаад, хэн хэн нь сандран алхам ухарцгаав. Торонд орсон шувуу шиг болсон зүрхнийхээ аймшигт түгшүүрт цохилооныг мэдрэн хэрхэхээ мэдэхгүй нам зогсоно. “Үг хэлэх үү? Ингээд зөрөөд явчих уу? Хэллээ гэхэд юу хэлэх вэ?” Яах ийхээ мэдэхгүйдээ би тэвдэн хэсэг зуур таг зогсов. Гэвч гарцаагүй байдалд орсон хүнд ч аврах гарц үзэгддэг нь сайхан хэрэг юм шүү. Өнөөх маань ашгүй түрүүлж ам нээлээ.
-Будаггүй үедээ чи илүү хөөрхөн юм.
Ингэж хэлэхдээ түүний хоолой чичрэх шиг санагдав. Би ч чичрээд явчихлаа. Юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг түгдэчсэнээ, зориглон байж инээмсэглээд “ Сая харин мартаад угаачихлаа” гэж аль болох тайван хэлсэн ч эгцлэн харж чадсангүй тонгойлоо. Гэнэт урд минь зогсож байсан хөл чимээ имээгүй нэг алхам наашлав. Бид хоёрын хооронд маш бага зай үлдлээ.Би дээш харахаасаа айн зогссоор. Хөшиж орхиод ухарч ч чадсангүй. Тэгтэл санаанд оромгүй юм болж, тэр хүү гараа явуулаад,сая нүүр угааж байхад боолтноосоо сугаран гарсан туг үсийг минь ихэд болгоомжтойгоор чихний ард хийж өгөв. Миний зүрх эгээтэй л зогсчихсонгүй. “Ээж ээ, сая юу болчихов оо”
Би тэрүүхэн зуур час улайсан ч, хамаг хүч тэнхээгээ шавхан байж, бөхийсөн толгойгоо эгцлээд, гэхдээ харцаа дээшлүүлэлгүйгээр “ Баярлалаа” гэж аяархан хэлэв. Тэгээд хажуугаар нь зөрөхөөр баруун тийш алхтал тэр намайг даган баруун тийш алхаад ахиад л зам халхалчихдаг байгаа. Би гайхаж сая толгойгоо эгцлэн нүд рүү нь харлаа.
Хоёулаа тийшээ ороод яах юм бэ, энэ өрөөнд жаахан ярьж сууя, тэгэх үү? гэж тэр маш аяархан хэлэв. “Үгүй шүү, танихгүй хүүхэдтэй надад ярих юм байхгүй” гэж би хэлэх ёстой байв.
Урьд нь бол тэгэж л хэлэх байсан. Ер нь ч ямагт тэгж л хэлдэг охин байсан. Гэвч энэ удаа дээрх үгс миний үгийн сангаас хэдийнээ хулжин оджээ. Нэг л мэдэхэд би түүнд хөтлүүлчихсэн жижиг өрөө рүү орж байв шүү. Бид өөд өөдөөсөө харан суулаа. Ямар ямар хөдөлгөөн хийсэн, яаж тэр сандал дээр очоод суучихсанаа ер санадаггүй юм. Нэг л мэдэхэд түүний өөдөөс хараад сууж байсан даа. Харин энэ удаа тэр цоо ширтсэнгүй., өөрөө бөхийн харцаа нуусан байлаа.
-Чи хэзээ буцах вэ? гэж тэр нэг л сонин болгоомжлонгүй янзаар асуулаа. Маргааш өглөө гээд би хоолойгоо заслаа. Тэр сэртэсхийн над руу харахдаа дороо өндөсхийв.
Маргааш уу даа?  дөнгөж өнөөдөр ирчихээд үү гэж хэлэхдээ түүний дуу мэдэгдэм цахиртаад явчихлаа.
-Аав надад гуравхан хоногийн чөлөө өгсөн. Ирэх буцахдаа галт тэргэнд хоёр өдөр, энд харин нэг өдөр. Ингээд л боллоо...гэж би хөгжилтэй байдлаар хэлэхийг хичээхдээ өөрөө ч дотроо харамсч байгаагаа мэдрэв.
-Гуравхан хоног гэж тэр харамсангуй шивнэлээ. -Харин тийм гуравхан, гэж би давтан хэллээ.
Эндээс танай аймаг руу бүтэн нэг өдөр явдаг юм уу? гэж удаан дуугүй байсны эцэст тэр асуулаа.
Тийм нэг хоног гэж би хариулав. Тэр гэнэт нүдээ онийлгоод над руу хачин янзаар ширтэх нь тэр. Би жаахан гайхсан ч энэ удаа далдирсангүй, өөдөөс нь асуусан янзаар мөн л ширтэв. Бид өөд өөдөөсөө харан хөшөө шиг хөшицгөөлөө. Хүү маш хар нүдтэй харагдаад байсны учир нь их өтгөн сормуустайгаас тэр юмсанжээ. Ийм шуудхан, хэтэрхий зоримог, ингэтэл догдлуулсан эрэмгий нүдэнд огт зохиогүй гоё сормуус байлаа. Эм хүнийх л баймаар өтгөн сормуусан дорхи эр хүний нүд цоо ширтсээр л. Эхэлж миний тэсвэр алдагдав. Би улайж ирээд л инээмсэглэчихлээ. Намайг инээмсэглэмэгц тэр бас инээмсэглэв. Тэгээд ахиад хоёул түгшүүртэй нам гүмд эзлэгдэв.
Хэдэн хором өнгөрснийг ч мэдэхгүй. Тэр ахиад л гараа явуулж, миний хацар руу ороод ирсэн өнөө туг үсийг арагшлуулж өглөө. “Кинон дээр гардаг шиг” гэж би бодож амжив. Хоеулаа ахиад л өөд өөдөөсөө хачин харцгаав. Тэгснээ гэнэт зэрэг инээлдлээ. Хүү огцом боссоноо эргэж суув. Тэгээд халаасаа уудлан ямар нэгэн юм хайж эхлэхүй... хаалганы хонх цочтол дуугарлаа.
Манай хулигаан орж ирж буй нь тэр ажээ. Баадай өдөржин хаагуур ч юм бэ явж явчихаад, ийнхүү харанхуй болсон хойно үдэшлэгт хоцрон морилж байгаа нь энэ. Яг л Фонтамас шиг. Биднийг бага байхад фонтамас гээд кино гардаг байсан юм. Бүхнийг аврагч одооныхоор бол хүн аалз юм даа. аймшигтай адал явдлууд өрнөөд л, бөөн хэрэг төвөг болоод л, хүмүүс яг үхэхийн даваан дээр хамгийн эцсийн мөчид фонтамас гараад ирдэг юм. Яг шийдвэрлэх мөчид.
Баадай хэрхэн фонтамас шиг бүх юм эхэлсэн хойно хүн бүхний анхаарлыг татан чухам эрэлхэг дүртэйгээр яажшуухан орж ирж буйг хэдий би өөр өрөөнд ч гэлээ мэдэж байлаа. Яг оргил үед нь.
Хонхны дуугаар бид цочиж, зэрэг ухасхийн босов. Ингээд том өрөө рүү ороход Баадай маань шинэ залуустай танилцаж зогслоо. Нөгөө л дарамтлангуй, дээрэнгүй дүр төрхөндөө хувираад орчихсон, нэг гараа халаасандаа хийгээд нөгөө гараа ивээнгүй шинжтэйгээр сунган, бүгдтэй нь ээлжлэн гар барингаа цэргийн дарга шиг чанга дуугаар хөвгүүдийн нэр ус, нас, сургуулийг асуусан шигээ гэдгэр зогсож байв. Тэгээд хөлийн чимээнээр үгээ тасалж, ихэмсэг байртай эргэн харснаа гэнэт нөгөө бүхий л “том” байдал нь огцом өөрчлөгдөж өөртөө эрдсэн хангалуун дүр төрх нь арчсан юм шиг алга болоод хөмсөгөө өргөн алмайраад таг болчихов. Тэрхүү цочирдол нь бид хоёрт дэндүү тод мэдрэгдэхэд би инээмсэглэн нүдээрээ дохио өглөө. Манай хулигаан маш хурдан сэхээ авч дүрдээ эргэн орж билээ. Үл таних өндөр хөвгүүн “ гэхдээ тэр нь хаанаас нь ч харсан шазруун зантай нэгэн болох нь илт, эгээ л өөр шиг нь гэдгэр” ганц найз охиных нь гараас хөтөлчихсөн зогсож байсанд Баадай мэл гайхсан бололтой.
Бид шуугилдан Баадайгийн авчирсан харагдаж үзэгдээгүй гоё шилтэй оргилуун дарсыг хөөр болон задалцгаав. Ганц найзыгаа үзээд би зориг орж, урьдынх шигээ биеэ барихаа болиод, хэвийн төрхөндөө орж чадсандаа баяртай байлаа. Фонтамас бид хоёр урьдын зангаар нэг нэгнийгээ явуулан тоглож, Баадай сав л хийвэл миний нуруугаар тэврэн суугаад “Би энд эзэн нь” гэх дүр үзүүлэн ханхайна. Уртаад дурласан залуу Уртаагийн дэргэдээс алхам ч холдохгүй агаад юм л бол “Цөмөөрөө хосоороо хийдэг бүжиг хийе” гэдэг санал гарган байсхийгээд л пянзаа солино.
“Гарч салют буудуулцгаая” гэж нэг маань хэлэв ээ. Бүгд хаалга руу гүйцгээв. Хоёр найз охин маань ч нүцгэн шахам гараад гүйчихсэн л дээ. Харин би л ээжийнхээ үргэлж үглэж захидаг үгсийг санаандаа бат хадчихсан нусгай амьтан болохоороо цамц өмдөө давхарлаж өмсөн бойтоглосоор байгаад хамгийн сүүлд бэлэн болсон юмсан. Намайг үүдэн дээр иртэл өнөө хүү хүлээгээд зогсож байлаа. Бусад нь бүгд гарчихжээ. Хүлээж байсанд нь ч юмуу аль эсвэл хоёулхнаа үлдсэндээ ч тэр үү ихэд баярласан авч түүнийгээ ойлгуулж илэрхийлж чадсангүй. Тэр хүрмийг минь өлгүүрээс авч надад өмсгөөд,  малгайг минь яг манай ээж шиг засаж янзалж өглөө. Би ичин инээж намайг инээхэд тэр ч бас инээлээ. Хоёулаа утга учиргүй инээж инээчихээд би үүдээр ухасхийн гарч харанхуй шат руу гүйтэл тэр мөн араас ухасхийн хүрч ирснээ, маш хурдан хөдөлж гараас минь шурдхийн барьж аваад өөриймсүү татав. Тэгээд зориг муутай ч шийдэмгий өнгөөр” Ямар салют үзээгүй биш, хоёулаа гараад яршиг ч юмуу, эндээ тэднийг хүлээгээд зогсож байя тэгэх үү?” гэхдээ “За” гэсэн хариу сонсоно гэдэгтээ итгэлтэй байгаа янзтай. Тэгээд намайг хариу хэлэхгүй эргэлзэсхийсэнд “Чи маргааш өглөө гэхэд л явчихна шүү дээ” гэж шивнэн хэлэв. Би зөвшөөрөн толгой дохилоо.
Чамаас асуух юм байна гэж тэр үгээ эхлэв. Би үг дуугүй бушуухан шиг ахин толгой дохилоо.-Чамд ингэхэд...
Гэнэт орцны хаалга тас нясхийн дуугарав. Тэгээд биднийг атгалцсан гараа ч тавьж амжаагүй байтал хэн нэг нь хоёр давхар руу салхи шиг хурдан гараад ирснийг харанхуйд лавшруулан харвал Баадай маань байв. “ Та хоёр чинь яасан уддаг юм бэ? Бүгд хүлээгээд салютаа буудуулж чадахгүй байна шүү дээ” гэж тэр ууртай хэлээд, яах ийхийн зуургүй миний гарыг түүний гараас угз татан авмагцаа түрэмгий дугтачсаар доошоо гүйчихлээ. Би эгээтэй л чирэгдээд уначихсангүй.
Гараад хартал нөгөөх маань бидний ард алга. Тэр яг тэндээ, зогсож байсан газартаа, орцондоо үлдчихсэн билээ. Салютын баяр хөөр надад ирсэнгүй ээ. Би түүнийг яагаад гарч ирэхгүй байгаа юм бол гэж гайхан, өөрийн эрхгүй ахин дахин эргэн харсаар, тэнгэрт татаж буй шөнийн гэрэлт солонгыг үл сонирхон, хүний урманд өөдөө нэг ч харсангүй. Буцаад ороход шөнө дунд дөхөж байлаа. Бид идэж ууж, хашгиралдаж, ахиад л баахан дуулж бас бүжиглэв. Шинэхэн танил минь над руу хардгаараа харж, би өөдөөс нь инээдгээрээ инээнэ. Гэвч бид л хамтдаа нэг ч бүжиглэсэнгүй. Түүнийг бүжиглүүлэх гэж бүгд хүчин чармайлт гаргав. Сүүлдээ тэр уурлаж орхилоо. Уг нь тэр бүжиглэх дуртай төдийгүй сайн бүжиглэдэг гэнэ. Гэвч тэр өдөр бичгийн жижиг ширээн дээр хөлөө тавьж, гэдийн суучихаад нэг ч боссонгүй. Баадай бид хоёр харин бүжиглэв. Шооч найз маань аль хэдийнээ миний шинэ танилын сэтгэлийг мэдэрчихээд, зориудаар миний дэргэдээс алхам ч холдохгүй байх агаад бүжиглэх үедээ бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг бэлхүүсээр минь чангалан тэвэрснээ толгойгоо цээжинд нааж орхив. Урьд нь ангийн үдэшлэг дээр зөндөө л бүжиглэдэгсэн, хэзээ ч ингэж байсангүй. Би гайхаж, инээд хүрч, сүүлдээ ч уур хүрээд явчихлаа. Шинэхэн танилуудаасаа ичиж зовсондоо “Яагаад байгаа юм бэ, тэнэг ээ?” хэмээн заналтай шивнээд, найзыгаа цааш түлхсэн ч, нөгөөдөх маань чихгүй толгой шиг таг чиг, намайг бүр ичмээр байдлаар ахиулаад тэвэрчихлээ шүү. Би хэрхэхээ мэдэхээ болив. Мэдээж энэ бүхэн өнөө хөвгүүнд огт таалагдахгүй байгаа нь илт. Би чухам түүнд л буруу ойлголт төрүүлэхээс үхтэлээ айж, бид зүгээр л найзууд гэдгээ ойлгуулахыг үргэлж хичээх ба бүжиг дуусангуут зугтан, зориуд Баадайгаас хол очин суух боловч сайн дурын бие хамгаалагч маань хяссан юм шиг ирж наалдчихаад салж өгсөнгүй. Би аргаа барахдаа, гол нь, учиргүй барайсан өнөө хүүд зөвөөр ойлгуулах далд зорилготойгоор Баадайгийн дурлалын паянгуудаас инээд хөөр болгон нэгэн хоёрыг ярив. Уг нь Баадай намайг тэдгээр түүхээс нь хэн нэгэнд шоолон ярихад ихэд бахтай чагнаж суудагсан. Харин энэ удаа хөөрсөнгүйгээр үл барам надад уурладаг байна шүү.
Бид хоёр анх удаагаа түр тархийн муудалцав. Баадай болон шинэ танил хөвгүүн бид гурвын хөгтэй байдлыг анзаарч буй хүн үнэндээ алга аа. Гэвч мний сэтгэл ихэд дундуур болж орхисон юм. Ангийн найз маань надад бүхий л паянгаа нууж хаалгүй ярих үед би түүний сэтгэлийг бүрэн хуваалцдаг атал надад тохиолдож буй анхны энэ гайхамшигт тохиолдолд ийм өөдгүй хандаж байгаа нь урмыг минь үнэхээр хугалав. Намайг муу бүхнээс хамгаалан, золбин хөвгүүдээс сэргийлэн, найз нөхрийн ёсоор үргэлж өмөөрдөгт нь би дуртайяа дасчихсан л даа. харин энэ удаа бол өөр юм болоод байна гэдгийг, намайг урьдын гэнэн найз охин нь биш, харин анх удаа дурласан бүсгүй хүний аз жаргалтай дүрд бүрэн автсан тэс өөр хүн болчихоод буйг Баадай хэдийнээ мэдэрсэн нь надад ойлгогдсоор атал ийм тэнэг зан гаргасанд итгэхийн ч аргагүй. Өнөө хүү надтай юм ярихаар оролдох бүрийд Баадай дундуур нь тас дайран орж ирж таслах бөгөөд, үгийг нь дооглон тохуурхаж, адарч, сүүлдээ ч тэд гар зөрүүлэхээс наагуур эвгүй байдалд туллаа.
Би гайхах, сандрах, ичих, зовинохын туйлыг амсан хэсэг алмайрч суугаад тэсэхээ больмогц чухам л Баадайдаа зориулан байж, гаргаж чадах хамгийн муухай харцаараа тас ширвэчихээд, том өрөөнөөс гүйн гарав. Хаалга хаахынхаа өмнө дохин дуудах санаатай хурдханаа эргэн харвал ангийн найз маань намайг уурлуулсандаа багагүй цочирдсон бас гэмшсэн янзтай тонгойхыг, тэр даруйдаа шалдаа буухыг үзээд бах ханан арай тайвширч билээ. Өнөөх л саагаар чимэглэсэн жижигхэн толь бүхий хүйтэн угаалгын өрөөнд сууж суучихаад, гарах уу яах вэ гэдгээ шийдэж чадахгүй дүлэгнэн байтал гэнэт хэн нэгэн нь гэрэл унтраав. Гайхаж амжаагүй байтал ахин гэрэл аслаа. Тэгснээ ахин унтраав. Баадай л аргадах гээд үүдэн дээр зогсож байгаа биз гэж бодоод, хүүхдүүдийн нүднээс далдуур нэг сайн загнах санаатай ухасхийн хаалга дэлгэлээ.
Сэтгэл догдлуулсан өнөөх царай нүдний өмнө тодров. Хөвгүүн хаалгыг минь түшээд зогсож байлаа. Насан туршаа ганцаардсан байх гэмээр гунигтай нүдтэй, бардам зоримог царай. Хүүхдэд баймгүй ухаалаг хэрсүү нүд. Бие даасан зантай, юм бүхэнд итгэлтэй, омголон нэгэнд л байдаг, сэтгэл татам эрс цэх байдал. Бид өөд өөдөөсөө харан агшин зуур чимээгүй зогсов.
Баадайг биш түүнийг харсандаа би хязгааргүй баярласан даа. энэ сэтгэлээ барьж чадалгүй догдлон инээмсэглэсэнд тэр хариу инээмсэглэсэнгүй. Гунигтай янзаар ихийн ихийг асуусан нүдээр цоо ширтэн зогсохдоо тэр нэг гараа толгойныхоо хавьд авчран хаалганы хүрээ мод түшээд, нөгөө гараа халаасандаа дүрсэн байсан даа. Би тэр дүр зургийг одоо ч мартдаггүй юм, нээрэн шүү. Одоо ч гэсэн.
Өнөө л балмагдуулсан сайхан харц өөдөөс минь... Илэн далангуй, эргэлзээ үгүй цэх, сэтгэлээ нуугаагүй нэн шулуун харц. Сэтгэл татам дэндүү ухаалаг харц.
Хүү намайг ширтэж байснаа нүдээ онийлгож ирээд л нэг юм хэлэх гэснээ гэнэт үгээ буцаан залгив. Тэгээд шийдэмгий хөдөлгөөнөөр гараас минь хөтлөн угаалгын өрөөний хажуугийн жижигхэн өрөө рүү ахин дагуулж орлоо. Ормогцоо хаалга дараад зогсчихов. Би хэрхэхээ мэдэхгүй гайхсанаа хоёр гурван алхам ухраад унтлагын өргөн оронд тулж тэгээд л өөрийн эрхгүй хөл нугаран арагшаа суучихлаа даа. Тэр догдолсон бололтой хэсэг амьсгаадан чимээгүй зогссоноо:
-Надад чамтай ярих юм байна. Чи... Чи зүгээр л надад итгээрэй. Би хэзээ ч ... Ер нь бол охидтой... Охидуудад би ... гэснээ таг болчихов.
Би юу хэлэх гээд байгааг нь мэдэхгүй ч, хэзээний мэдэж буй аятай зөвшөөрөнгүй толгой дохисноо, цаашаа юу гэх бол хэмээн тэсч ядахдаа хамаг биеэ хураан өөдөөс нь духайн харлаа.
Хоёул ахиад л хэсэг таг болцгоов. Миний тэсвэр алдагдав. Далдирчихлаа.
-Чи үсээ задгай тавь даа  гэж тэр гэнэт намуухан хоолойгоор хэлэв. Ийм үг сонсоно гэж бодоогүй байсан би мэл гайхлаа. Ахин ширтэлцсэн зовлонт хэдэн хором өнгөрөв. Тэгтэл гэнэт би өөрөө ч мэл гайхан цэл хөхөрмөөр юм болж, баруун гар минь дуулгавартайяа толгой өөд яваад боолтоо мулт татан авмагц үсээ сэгсрэн задалчихав шүү. Өдрийн угаасан орос шампунийн үнэр ханхийн, үс минь хацар нүүрийг бүрхэн унахад л сая ухаан орж “Яана аа ямар тэнэг юм бэ? Юу хийж байна аа, би одоо.” гэсэн зовиурт бодол зурсхийлээ. Үүнтэй зэрэгцээд өөрөө ч мэдэлгүй гарт минь сам байсан ч болоосой гэж харамсав. Самнасны дараа үс минь хэрхэн намирдгыг харсан ч болоосой. Одоо ямар тэнэг муухай харагдаж байгаа бол, арзайчихаад... Хэрэггүй л буржийлгаж дээ, хэрэггүй... ер нь яах гэж буржийлгав аа? Тэнэг.
Юу хийж байгаагаа бага сага ухаармагц ухасхийн босч, нааш цааш хэд алхсанаа, энэ Уртаа л өнөөдөр ингээд буржийлгаад хаячихсан юм. Ер нь бол би шулуун үстэй л дээ гэж бувтнав. Тэгээд гялсхийн хөдөлж үсээ ар дээрээ шуулаа. Тэгээд ахиад л биеэ барих чадваргүй болж арагш ухран орон дээр лагхийн суучихав.
“Ээж минь яанаа. Би чинь одоо солиотой юмуу хаашаа юм бэ? Танихгүй шахам эрэгтэй хүүхэд нэг үг хэлэнгүүт үсээ шууд задалдаг гэнэ дээ, юу вэ би одоо үсээ шууд сэгсийлгээд л... Шампуний реклам юм уу хаашаа юм, толгойгоо сэжлэн хөдөлгөж гэнэ... Сэгсэрч үү аягүй... Энэ чинь одоо хэн бэ? Би сая яасан бэ? Юу болчихов оо сая? Өөрийгөө шоолсон, ялласан бодолдоо гэнэт бухимдсандаа хэрхэхээ мэдэхгүй болж, өнөөх л богино хормойноосоо тас атган базаад, уруулаа хазлан доош харлаа.
Үсээ задгай тавьсан ч, боосон ч чамд зохидог юм байна гэж тэр гэнэт шивнэн хэллээ. Худлаа яриад л... гэж би хэлэхдээ дуу хоолойныхоо гүнээс горьдонгуй янз олж сонсоод ахиад л хязгааргүй ичив. Чи өөр аймагт байдаг нь яасан харамсалтай вэ, гэж тэр чимээгүй харж харж байснаа урьдынхаас ч аяархан хэллээ. Би баярласандаа доош харсан чигээрээ инээмсэглэчихэв.
Ингээд бид өнөөх л тэсэж тэвчихийн аргагүй нам гүм байдалдаа жингүйдэн орж хоёулаа тэнэг юм шиг хөшиж орхив оо, ахин.
Би дээшээ харах уу, түүн рүү харах уу, энэ өрөөнөөс гарах уу, суугаад байх уу, ямар нэгэн юм ярих уу, түүний ярихыг хүлээх үү гэдгээ түрхэн зуур эргэцүүлээд олигтой шийдэлд хүрч чадсангүй тул арга мухардан нүдээ бушуухан шиг хэд чанга аничихаад ахин цавчлан өөрийгөө сэхээ оруулахаар дотроосоо шаардав. Ашгүй тэгтэл тэр ахин түрүүлж ам нээлээ. Эрэгтэй хүн биш эмэгтэй болж төрсөндөө баярласан шүү тэгэхэд. “Санаачлага гаргах ёстой хүн нь би биш юм байна шүү дээ”
Надад чамд хэлэх юм байна, үгүй ээ хэлэх ч юу байх вэ, асуух юм байна гэж хүү хэлээд шүлсээ гүд хийтэл залгих нь тодхон сонсогдов. Би бушуухан шиг толгой дохилоо. “Хурдлаасай, хурдан хэлээсэй. Яагаад ингээд гэнэт гэнэт чимээгүй болчихоод байдаг юм бол оо? Хурдан яриасай, хурдан... Тэгэхгүй бол нөгөө тэнэг Баадай ороод ирнэ шүү дээ. Тэр тэнэг битгий л орж ирээсэй. Ер хэн нь ч биднийг бүү санаасай, тэндээ л бүгд байгаасай...”
-Чамд сайн хүн бий юу?
Юу-уу?
Үгүй ээ... биш ээ биш... Миний асуух гэсэн юм бол.. Мэдээж чамд олон хүүхэд сайн байх л даа. Чамайг харин... чиний хувьд... юу л даа, миний асуух гэсэн зүйл бол “ Чи хэн нэг эрэгтэй хүүхдэд сайн уу?” л гэж. Үерхдэг эрэгтэй хүүхэд бий юу л гэх гэсэн юм л даа. Хайртай гэсэн утгаар... чи бодвол...
Гэнэт хаалганы бариулаас хэн нэгэн нь цочтол чанга угзрах нь сонсогдож, агшин зуурын дотор цэлсхийн нээгдлээ. Би овгосхийн цочоод, ухасхийн босч зогсов. Найз охин Баянаа маань үүдний цаана зогсож байв. Бид хоёулаа нэгэн зэрэг Баянаагийн ихэд цочирдсон, хачин хувирсан царайг олж үзэцгээв. Нүдийг нь хараад би үнэндээ давхийсэн дээ. Найз охин маань нүүр нь час улайчихсан, нүд нь хачин сониноор эргэлдчихсэн зогсож байснаа яг галзуу хүн шиг над руу үсрэн хүрч ирээд хоёр гараас минь барьж авав. Би үнэхээр их айж, гайхсан шүү тэгэхэд. “Хэн нэгэн нь Баянааг гомдоочихож” л гэсэн шүү юм бодсоноо л сайн санадаг. Би өөрийн эрхгүй агдасхийн алхам ухарлаа. Арван жил салахгүй үерхсэн миний ганц найз охин тэгтэл гараас минь учиргүй чанга угзарснаа хачин түрэмгий байдлаар “ Одоо тарцгаая. Яг одоо...” гэсэн хэний ч хүлээгээгүй, хэний ч санаанд оромгүй хүсэмгүй үгийг хашгирахаас наагуур хэлэв шүү. Тэгээд юу болоод байгааг ухаж ойлгох сөхөө өгөлгүй гараас минь зулгаан жижиг өрөөний үүд рүү чирэнгээ: “ Одоо цөмөөрөө тарцгаая аа, орой болчихож явцгаая.” гэж энэ гурван өрөөнөөс өнөөдөр гурвуулаа хаашаа ч явахгүйгээ сайн мэдэх атлаа л, хаа нэг тийшээ явах учиртайгаа сануулах байдлаар хачин утгагүй юм дээр дээрээс нь давхцуулан хэлээд амандаа үглэж гарлаа. Түүнд чирэгдэн үүдэнд хүрэхийн алдад л би сэхээ орж, өвдтөл тас базуулсан гараа угз татан аваад түгшүүртэй дуугаар “Юу болсон бэ? Баянаа” гэж чичирсэн дуугаар асуусанд тэр хариулсангүй. Дороо зогсчихлоо.
Өнөө хүү бид хоёр харц солилцон гайхсан чигтээ чимээгүй зогссоор Баянаагийн ярьж эхлэхийг хүлээж байтал найз маань гэнэт ахин сэхээ ороод, учиргүй ууртай янзаар “Алив одоо тарцгаая л даа, хэтэрхий орой болсон байна шүү дээ” хэмээн уулгамч юм шиг зандачлаа. Тэр юунд ч юм бэ ихэд бачимдан, түгшсэн шинжтэй байв.
Өнөө хүү яг л над шиг гайхаж балмагдсан янзтай хэсэг таг гөлөрснөө гэнэт ухаан ороод, түргэхэн шиг бид хоёрын дундуур орж зогсоод:-Одоо дөнгөж шөнө дунд болж байна шүү дээ. Арван хоёр цаг л өнгөрч байна. Тээр... Чи энэ цагийг хардаа. Ердөө арван хоёр цаг гучин таван минут. Нэг цаг ч болоогүй байна. Жоохон сууж байгаад л тарцгаая л даа тэгэх үү? Чи гарч бай, бид хоёрт ярих юм байна гэж шийдэмгий хэлэв.
Түүнийг ингэж хэлэхэд би хичнээн баярласан гэж бодноо. Тэгээд найз охиноо энэ өрөөнөөс бушуухан гараасай гэж дотроо үнэн сэтгэлээсээ залбирав. Гэвч залбирлыг минь тэр ч бурхан ч сонссонгүй ээ. Баянаа над руу ширүүн харснаа:
-Одоо болоо юм биш үү, хичнээн наргиж цэнгэх гэсэн юм бэ? Тарцгаая л даа одоо. Чамайг л зөвшөөрвөл бүгд тарах гээд байна шүү дээ. Тэгээд ч би ядраад байна, унтмаар байна. Амарья л даа, энэ чинь. Чиний нойр хүрэхгүй байна уу? Шөнөжингөө ёолк засаад би унтаагүй, одоо унтмаар байна. Чи арай энд ингээд эрэгтэй хүүхэдтэй хоёулхнаа байх гээд байгаа юм биш биз дээ? Үгүй биз дээ? Яасан залхдаггүй юм, яасан ханадаггүй юм гэж зэвүүн янзаар тулган хэллээ.
Би мэл гайхав. Найз минь надад хэзээ ч ийм ширүүн үг хэлж байсангүй. Ийм ширүүн харж ч байсангүй. Намайг хэн нэгэн эрэгтэй хүүхэдтэй үерхдэггүйг, тийм зүйлсийн талаар ярьсан удаагүйг, ер нь бол сонирхдог ч үгүйг тэр сайн мэднэ. Гэтэл өнөөдөр... түүний хэлсэн үгсийн цаад амь амьсгаа нь би нэлээн аальгүй, хөвгүүдтэй болзох дуртай, өөрөөр хэлбэл ханаж цаддаггүй болзогч юм шиг санагдахаар нэг л эвгүй сонсогдов. Тулгамдсан, цочирдсон, гайхсандаа болоод би хэлгүй юм шиг ангалзана. Найз охиндоо ямар нэгэн хариу үг хэлэх гэтэл санаанд юу ч орсонгүй.
“Өнөөдөр чинь юу л болоод байна даа?” гэж бодож амжсанаа л санадаг юм. Баянаа цэлийтэл нээсэн хаалга руу чиглүүлэн намайг шаардангуй түлхсэнээ, хөшчихсөн хөл минь хөдлөхгүй болохоор шийдэмгий алхаад л, миний шинэ танил бид хоёрын дундуур ахин улаан цайм хөндөлсчихөв. Аргагүй боллоо. Өнөөх хүү рүү ахин харах ч зүрх байсангүй.
Ингээд л би, ямар нэгэн гайхалтай яриа өрнөж болох л байсан, ямар нэгэн мартагдашгүй үгийг сонсч мэдэх л байсан, магад, хамгийн чин үнэн хайрыг эхлүүлж ч болох байсан, бас гэнэт ихээр хүсэн зөгнөсөн, догдлон хүлээсэн анхны үнсэлт минь дэндүү ойрхон байсан тэр л дулаахан өрөөг орхиод ухасхийн гүйж гарлаа. Уртаа болон түүнд дурлагч хөвгүүн хоёр салах ихэд дургүй байсан ч Баянаагийн гайхмаар ааш бүгдийг цочоосон тул шинэ жилийн баяр гэнэт тасалдав.
Дуу шуу, инээд хөөр цалгин байсан гурван өрөө байр шидэт дохиураар өөрчилсөн юм шиг хувирч, дөнгөж саяхан аз жаргалаар бялхан улаа бутарч байсан орь залуу бүсгүй гэнэт амь тавьчих шиг тийм хачин, үхмэл байдалд шилжээд, тавхан хормын дотор хөвгүүд цочирдсон хязгааргүй гайхсан басхүү хоргодсон янзтай таран одож, гурван найз охин өөд өөдөөсөө харж ч чадахгүй тонгойн зогссоор үлдлээ.
Маргааш өглөө нь хөвгүүд маш эрт ирж намайг гаргаж өгцгөөсөн юм. Найз дөрвөн хөвгүүний гурав нь ирлээ. Харин... харин хамгийн ихээр хүсэн хүлээж байсан цор ганц хүн маань л ирсэнгүй. Бид дуу шуу муутайхан галт тэрэгний буудал зүглэж, бүгд ямар нэг уяагаар дангинатал хүлүүлчихсэн юм шиг хөдөлж ядан бүр өөд өөдөөсөө ч харалгүй тонгойсхийн байсаар салан одлоо. Баадай бид хоёр нэг нэгэн рүүгээ ууртай хялалзсаар галт тэргэнд хөл тавьсан ч ангийн найз маань намайг “Өглөөний цай ууя” гэж вагон ресторанд дагуулж ормогцоо өөрөө хаашаа ч юм бэ алга болж орхив. Надад загнуулна гэдгээ, бөөн бөөн асуултаар яллуулна гэдгээ мэдэх учраас л зугтаад алга болчихов уу гэж би хардав. Өглөөний галт тэрэгний вагон ресторанд нэг ч хүнгүй. Би өвлийн хүрмээ тайлсан ч хэтэрхий зэврүүн байсан тул эргүүлэн нөмөрчихөөд халуун цай захиалан авчруулаад, цонхонд наалдан суув. Найз охидынхоо өгсөн шоколадан өвгөнөөс нэгийг задлаад, яагаад гэдгийг бүү мэд, толгойг нь эхэлж тасдан авч ам руугаа хийсэн ч ямар нэгэн амтыг, ерөөсөө юуг ч мэдэрсэнгүй. Тэгээд урт уртаар санаа алдан сууж, өчигдрийн мартагдашгүй харцны тухай нүдээ анин байж, зүрхээ өвтгөн өвтгөн бодож эхлэв.
Яагаад, яагаад гаргаж өгөхөөр ирээгүй юм бол? гэдэг бодол цээж урна. Зүгээр хүрч ирээд өнөө гайхамшигт харцаараа нэг л харчихаад, гар гараа ганц атгачихаад салж болох л байсан шүү дээ, яагаад, яагаад ирсэнгүй вэ? Миний сэтгэл шимширч байлаа. Би хэзээ ч ийм их шаналал гунигийг урьд нь амсаж байсангүй. Шоколадны амтаар л төсөөлж байсан мөнөөх анхны хайр гээч зүйл дэндүү гашуун байлаа.
-Миний хаягийг тэр мэдэхгүй шүү дээ, гэж бодохоос л зүрх эмтэрнэ. Тэр үед гар утас гэж байсангүй. Гэхдээ л хажуугийн айл маань ядаж утастай байлаа. Бушуухан шиг тэр утасны дугаарыг хэлээд өгчих минь яалаа гэхээс гол харлана. Ийм энэрэлгүй салалт, ийм гэнэтийн салалтыг хэн хэн нь төсөөлөө ч үгүй байснаа эргэн санахыг ч, ухаарахыг ч хүссэнгүй. Өөрийгөө л тувт харааж зүхэж суулаа.
Өчигдөр орой надаас болж үдэшлэг тасалдаагүй шүү дээ, тиймээс надад уурлах шалтгаан байхгүй. Яагаад, яагаад ирсэнгүй вэ? Яагаад? гэж бодох бүрийд нулимс сад тавичих гээд байв. Би арайхийн тэвчиж суусан даа.
-Бүгд худал байсан юм болов уу? Зүгээр л нэг өдрийн шохоорхол уу? Унтаж унтчихаад өглөө сэрээд бодсон чинь миний царай ч санагдахгүй байсан юм болов уу? Би гэнэт аймаар царай муутай санагдсан юм биш байгаа? эсвэл намайг Баадайтай үерхдэг гээд итгэчихэв үү?
Би уртаар санаа алдан цайгаа цалгитал түлхчихээд босов. Гэвч босонгуутаа эргэж суулаа. Хаашаа явах, юу хийхийг бүү хэл, ямар хөдөлгөөн хийхээ ч үл мэднэ. Баадай орж ирэхгүй л байлаа. Орж ирээсэй ч гэж би хүсэхгүй байсан даа. аймшигтай хэрүүл болно гэдгийг хэн хэн нь мэдэж байсан хэрэг. Би ангийн найз хөвгүүнээ алгадаад авахсан гэхээс л байж ядна. Харин... харин хамгийн сайн найз охиноо үнэндээ үзэн ядах уу, яах уу ийх үү гэдгээ мэдэхгүй, юу ч ойлгохгүй байлаа.
Баянаа яагаад тийм хачин зан гаргасан юм бол? Яг л атаархуу охин шиг загнасан даа. яагаад тэр вэ? Эсвэл Баадай Баянааг ятгаж байгаад тийм юм хийлгүүлчихэв үү? Эсвэл найзууд маань бүгдээрээ миний төлөө санаа зовсон юм болов уу? Тэгээд сэм хуйвалдаад Баянааг явуулаа юу? Намайг яачихна, юу хийчихнэ гэж бодсон хэрэг вэ?
Ингэж бодохдоо эрхгүй өчигдөр орой руу эргэн очоод, магадгүй тэгэхэд би өнөөх хөвгүүнд дуртайяа тэврүүлэхэд, тэр байтугай үнсэлцэхэд ч бэлэн байснаа гэнэт санав. Тэгмэгц догдлон чичрээд явчихсан ч, болоогүй учралдаа гэнэт баясан инээмсэглэв. Тэгснээ цурхиртал уйлмаар санагдаад явчихлаа. Өглөөний арван цаг өнгөрч байв. Шинэ жил болох гэж байгаа гэхэд итгэмгүй дэндүү нам гүм. Цонхны цаана нэлийсэн хоосон тал. Гар хуруу минь цэл хүйтэн.
-Яагаад , яагаад ирсэнгүй вэ? Өчигдрийн явдал утгагүй тэнэг санагдсан байлаа ч хүрч ирээд “Баяртай” гээд хэлчихэд л болох шүү дээ. Хэрэв тэгсэн бол би түүний өөдөөс хамгийн сайхнаараа нэг удаа ч гэсэн инээмсэглэх байсан юм.
Гэнэт вагон рестораны хаалга маш хүчтэй түлхэлтээр нааш савагдан онгойж, цэлийтэл нээгдэв.
Тэр зогсож байлаа. Өнөөх хүү. Цонхигор царайт. Миний харангуутаа дурласан анхны эрэгтэй хүн, надад бас анхны харцаар дурласан тэр үл таних хөвгүүн.
Тэрбээр үхтэлээ амьсгаадчихсан, ер хар эрчээрээ гүйсэн хүн л тэгж амьсгаадах биз ээ, цээж нь түнхэлзтэл овгоночихсон , өвлийн цагаан өдөн хүрэмнийхээ энгэрийг задгай тавьчихсан, хүзүүн дээрээ зүгээр л тохчихсон улаан эрээн, сонин урт ороолтных нь нэг үзүүр газар хүртэл унжчихсан /ер нь бол ороолт нь яг унах гэж байсан/ нүд нь эрүүл бусаар гялалзчихсан зогсож байлаа. Тэгээд орж ирмэгцээ вагон ресторанд ганцаар сууж байсан намайг олж харсан нь мэдээж, хармагцаа зогтусаад ахиад өчигдрийнх шигээ гөлрөн таг болж орхив.
Ээ, ээж минь гэж. Миний зүрх арайтай л дэлбэрчихсэнгүй. Итгэж ядсан, гэнэт хэт баярласан, айхтар цочирдсондоо болоод хэрхэхээ мэдэхгүй хөшчихсөн ч угийн нэрэлхүү зан минь гялсхийн амилан босож ирээд, дэндүү баяр хөөрөө харуулчих вий гэсэндээ шүдээ тас зуун, хөмсгөө зангидаж орхив. Тэгээд өөрийгөө захирахаар хэт хүчилсэнээс болж муужирч унахаас наагуур чангарсан, тийн чангарсандаа түүртээд дотроо бөмбөлзтөл чичрэн байгаа биеэ улам эгцлэн цэхлээд, учиргүй ширүүн харлаа. Ай, хөөрхий ад мөрийн энэ эм хүний занг уу. Намайг мэдэхгүй хүн тэгэхэд дэргэдээс харсан бол би дэндүү тоомжиргүй, дэндүү ихэмсэг, халгамаар харь хөндий харцаар, бараг л дээрээс нь гэмээр хүйтэн ширтэж байсан даа, тэр хүүг. Юунд ч юм бэ эгдүүцэн зэвүүрхсэн үл тоосон шинжтэй л. Харин сэтгэл дотроо бол... Би агшин зуур өөр дотроо хайлан урсаад, уйлахад ч бэлэн болчихсон сон. Асгартал уйлахад бэлэн... Гэхдээ л гаднаа бол түүний гэнэтийн энэ зочлолтыг юу ч болоогүй мэт байдлаар хүлээн авч чадлаа.
Харин тэр миний энэ хатуу байдлыг анзаарсангүй. Анзаарсан ч байж мэднэ л дээ. Гэвч энэ хүйтэн угталтыг тэр огт тоосонгүй. Намайг олж харсандаа сэтгэл нь шууд ханан, илтэд баярласан хөөрөөр хачин сайхан дулаахан инээмсэглээд “Ямар их эрэв ээ” гэж санаа нь амрангуй шивнэв. Уг нь их аяархан яг л өөртөө хэлэх мэтээр шивнэсэн юм шүү. Гэвч би тодоос тод сонссон билээ.
Бид хоёр ахиад л нөгөө хэн хэнийгээ ховсдчихдог тэр л хачин зүүдний байдалдаа гулссаар, гулссаар живэн орж, тэнэг юм шиг өөд өөдөөсөө гөлөрцгөөв. Ээ, хэрэв эгчид нь одооны энэ ухаан, одооны минь энэ итгэлтэй байдал, илэн далангүй зан байсан бол, бас би тэгэхэд нас биед хүрчихсэн элдэв хайр дурлалын зах сэжүүрээс ч болохнээ амсчихсан, бяцхан ч атугай догширчихсон байсансан бол.... Тиймээ эгч нь одоо хүртэл боддог юм, би тэгэхэд л ухасхийн гүйж очоод түүнийг тэврэн авах ёстой байсан юм. Ингээд, хоёр гараа алдлаад.. Чангаас чанга.
Гэвч тийм зүйл болоогүй ээ. Би түүнийг тэврээгүй. Босоо ч үгүй. Бүр хөдлөө ч үгүй. Тэр ч мөн адил. Өөд өөдөөсөө харан, гэхдээ хэн хэн нь сэтгэлдээ хязгааргүй баяр хөөрөөс гадна цочирдуу балмагдал, өөртөө үл итгэсэн зориггүйдэл, хэрхэн угтан авах бол оо гэдэгт дөрлүүлсэн тээнэгэлзэл, одоо чухам яах ёстой юм бол гэдгээ мэдэхгүйдээ баригдсан хүүхдийн гэнэн айдаст хүлэгдээд чив чимээгүй ширтэлцсээр л байлаа. Хэдэн хором өнгөрснийг бүү мэд. Юутай ч атугай би ч өнөө хүү ч энэ удаа хэн хэнээсээ далдираагүй юмдаг. Тэр хэдхэн хоромд юу юу бодогдсоныг хэлэх ч юм биш. Чичирч байгаагаа л мэдэгдчихгүй юмсан гэж эгч нь хичээж суулаа.
Гэнэт ахиад л вагон рестораны хаалганы бариул дуугарав. Нүдээ арайхийн хөвгүүнээс салгаад  цааш ахиулан хартал хаалганы хуучин бариул тэрүүхэндээ гацасхийн, дээш доошоо зуунги янзаар хөдлөх шиг болов. Хүү надаас нилээн хожимдон энэ чимээг сонссон бөгөөд яагаад ч юм бэ давхийн сандруу янзаар толгойгоо эргүүлснээ ахин над руу эргэж харахдаа нүд нь хачин өөрчлөгдсөн байсан агаад нэг юм хэлэх гэснээ болиод, яах ийхийн зуургүй ухасхийн, тэр чигээрээ урагшаа гүйгээд миний яг дэргэдүүр өнгөрөн рестораныг хормын төдийд хөндлөн гулд туулаад дараагийн вагон руу ороод явчихлаа шүү. Би мэл гайхан түүний араас дагуулан харсаар хоцорвоо. Өөрийнхөө орж ирсний эсрэг хаалгаар ийнхүү далд орохын өмнө тэр минь над руу эргэж харлаа. Муухан инээмсэглэмэр аядсан. Тэгээд л гүйгээд явчихлаа даа.
Удалгүй өнөөх гацаатай бариул эргэлдэн онгойж, түүний орж ирсэн, дөнгөж саяхан над руу ширтээд зогсож байсан мөнөөхөн хаалгаар хөх дүрэмт хувцастай хоёр ах орж ирээд яаралгүй алхаагаар надад дөхөн ирмэгц, тийзээ үзүүлэхийг шаардав. Тэгэхэд л би сая бүхнийг ойлгосон юм. Тэр тийзгүй яваа шүү дээ.Би ихэд тайван байдалтай тийзээ гаргаж үзүүлчихээд, шалгагчдыг гарч явсны дараа ухасхийн босоод яаруу сандруу цүнхээ ухаж гарлаа. Тэгээд найз охид маань шинэ жилийн бэлэг хэмээн өглөөхөн өгсөн, хөөрхөн хайрцагтай орос пудрыг хайж олоод, гадуурх боодлыг нь тасар татан урж онгойлгомогц, амьдралдаа анх удаа өөрийн гараар нүүрээ энгэсэгдэв. Надад өөрийн гэх уруулын будаг ч тэгэхэд байсангүй. Сандарснаас ч юмуу, хэт догдолсноос ч юм уу, гэнэт хатаж омголтсон уруулаа шүлсээрээ хэд норгоод, чанга чанга хазлан улаан болгох гэж үзэв. Урд оройн буржийлгалтын үр дүнд одоо нэгэнт хэвээ алдан сэгсийсэн үсээ гараараа самнан цэмбийтэл боох үедээ яагаад ч юм бэ, аймшигтай ихээр түгшиж байгаагаа ухаарлаа. Хөөр, баяр, сандрал, түгшүүр, догдлол, зүйрлэшгүй их аз жаргалтай хамтаар ямар нэгэн эвгүйхэн чичрүүдэс дотроос оргин оргин гарч ирээд нүд ам, хамраар дүүрээд л садрах гээд байх шиг. Би чичирсэн хэвээрээ биеэ эзэмдэн хэр чадлаараа биеэ тордож, хувцас хунараа засаж, нүүр амаа гоодчихоод суудлаа засан сууж, хөвгүүнийг хүлээж эхэллээ. Сэтгэл юугаар ч юм бэ бялхам дүүрэн болж, хэтэрсэн догдлолдоо толгой эргэх шиг. Сууж байсан атлаа л сандал дээрээ тогтож чадахгүй унах гээд байх шиг. Урт, урт амьсгалан тайвшрахын тулд дотроо тоо тоолж гарав. Нэг,  хоёр,гурав,дөрөв,тав, урт амьсгаа ав тайвшир,нүдээ ань, зургаа, долоо, найм,ес,арав,арван нэг, урт амьсгаа ав, нүдээ ань....
Зовиуртай хорин хором өнгөрлөө.
Вагон ресторанаас хөөгдөхгүйн тул ахин нэг чихэртэй хар цай захиалаад, хөвгүүнийг орж ирэхээр хамтдаа ууя гэж бодон, аяганыхаа сэнжнээс тас атган суув. Энэ цайг л уучих юм бол ахин цай авах мөнгө үлдээгүй гэдгийг санахтайгаа байлаа. Түүнийг ороод ирэхэд бид өөд өөдөөсөө хараад сууна. Тэр өнөөх л гарцаагүй болгочихдог харцаараа төөнөж эхлэнэ. Доошоо хараад байх эвгүй. Өөдөөс нь үргэлж хараад байж би зүрхлэхгүй. Тэгэхээр цайгаа шимэн уух дүрээр харцаа нууж суух нь хэн хэндээ дээр байх болно гэдгийг там тумхан ойлгон төсөөлөв. Галт тэрэг хурдтай урагшилж, би суудал дээрээ нисчих шахам дэрвэж, арайхийн тогтож байх шиг санагдана.
Ахиад арван хором өнгөрлөө.
Ороод ирэхээр нь хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ? хэмээн би бодлоо. Өөрийнхөө тухай ярьж эхлэхүү? Эсвэл түүний ярихыг хүлээсэн нь дээр үү? Өчигдрийнх шиг тэгээд өөд өөдөөсөө хараад,юу ч ярихгүй суугаад байвал яанаа. Инээчихгүй л юмсан, тэгвэл тэнэг юм болно доо. Хэрэв нээрэн тэгээд хараад байвал нь ямар нэгэн зүйлийг л ярих хэрэгтэй юм байна шүү. Юу ч хамаагүй ярих л хэрэгтэй, яриад л байя. Харин... харин Баадай ороод ирвэл яах билээ? Тэгвэл нээрэн яах вэ? Тэгвэл...за, за ерөөсөө шууд л хөөж орхие. Явахгүй маяглавал, яг нүд рүү нь харж байгаад “Чи түр гарч байхгүй юу, бид хоёрт ярих юм байна” гээд аймар ууртай хэлчихье. Бүр болохгүй байвал нь алгадаад авах юм шүү. Үгүй ер, тэр муу одоо яагаад тэнэгтээд байсан юм бол оо? Миний найз банди аятай л.... Шал тэнэг. Муу хүүхэмсүү тахиа. За яахав ээ, чамайг очиж байгаад нэг сайн хашраагаад өгнөө. Гэрт хүрээд ирэхээр нь гарч уулзахгүй нэг сар болоход л өнгөрөх байлгүй. Үгүй дээ гэхэд гитараа санаж л таарна шүү дээ. Нөгөө тэнэг зурагнуудаа бариад ирсэн ч тоож харахгүй юм шүү. Чи муу ганцаардаад, уйдаад, ярих хүн ч үгүй балраад ирэхээрээ шалдаа буухгүй хаачдаг юм. Ахиж ингэж хоёр хүний дундуур орж илжигтэхгүй гэдэг ам өчгийг нь авчихна аа гайгүй. Миний аав бишдээ ямар. Цагдаа юм уу тэр эсвэл...миний харгалзагч уу?
Ингэхэд арай аав түүнтэй уулзаад намайг захичихсан юм биш биз дээ? Ингэж бодмогц би ууртайяа аман дотроо “Хн” гэж дуугарлаа. Гэвч агшин өнгөрөхөд л Баадай ор тас мартагдан, өнөөх хүүгийн харц сэтгэл дүүртэл түрэн орж ирээд, зүрх баяраар бялхаж, аз жаргалдаа умбан улаа бутарлаа. Би ахин дахин нөгөө энгэсэгнийхээ толийг гарган ирж уруул сормуус хоёроо шинжин шинжин харчихаад суудлаа засан цомбойтол цэхлээд, вагон рестораны хаалга өөд харан харан өндөлзөв.түүнийг орж ирэхийг хүлээсээр л. “Баадай л битгий ирээсэй, битгий ирээсэй. Сайхан тэнэж байгаад орой л орж ирээсэй” Хагас цаг өнгөрөв.
Би вагон рестораны хаалганы дээхнэтээ өлгөсөн, нүүр нь хэдийнээ шарлаж бүдгэрсэн өвгөн цаг руу харц салгалгүй ширтсээр. Хүү орж ирэхгүй л байлаа. Бүтэн цаг өнгөрөв. Удалгүй хоёр цаг, тэгээд гурван цаг өнгөрлөө.
Тэр орж ирсэнгүй.
Цаг хугацаа түгшүүр дүүрэн өнгөрсөөр. Би хүлээсээр л . Нар гудайн үүлэн цаагуур орж, ертөнц даяар бүрэнхий болж ирэхэд, би горьдлого тасрахгүй хүлээсээр байсан ч эрхгүй сэтгэлийн хөдлөл унтарч эхэллээ. Зүрхний минь цохилт өөрт сонсогдохоо болиод, цээжин дотор хөндий хоосон оргино. Нулимс минь яг зовхин дотроо хөлдөж орхиод гадагшлахгүй болж, харин бие дотуур минь цуурай татуулан под под хийн дусалж байх шиг санагдав. Өнгөрөн одох зовлонт хором бүрийн тоогоор миний бие замхран замхарсаар, би өөрийгөө утаа шиг л сарниж бутарч буйг удалгүй мэдрэв. Хоолой гашуун оргин, толгой эргэж, халуурах гээд ч байгаа юм шиг дагжиж эхлэхүй, өдөржин юу ч идээгүйгээс дотор муухайран, сүүлдээ ч бөөлжис цутгаад, хамаг бие салбасхийн сулбайхуйд, өөрийн эрхгүй нүдээ анин хоёр гараараа нүүрээ дарлаа.
Найз охидын минь өглөө бэлдэн боож өгсөн хуушуурын тос бор цаасан уутаа нэвтлэн үнэртэж, толгойгүй өвгөн шоколад ширээн дээгүүр гунигтайяа өнхөрнө. Өвгөний зэрэмдэг биеийг ширтсээр байгаад би тэр өдөр л шоколаданд дургүй болчихсон юм даа.
Би галт тэрэгнээс буун буутлаа, тиймээ, өөр хотоос төрөлх хотдоо ирэн иртлээ тэр л хөвгүүнийг хүлээн вагон рестораны хүйтэн, хоосон, цуурайтсан хуучин танхимд ганцаархнаа суусан даа. Нэг ч босоогүй. Өндийгөө ч үгүй. Сүүлчийн мөнгөөрөө худалдан авсан аяга хар цайндаа уруулаа ч хүргээгүй. Өдөр нэгэнт дуусч бүрий болоход би тэрхүү чихэртэй хар цайг дэмий л ширтэн сууж, харанхуйлсан тэр хүйтэн бараан ус руу цөхрөнгүй гөлрөн байхдаа уйлъя гэвч уйлж чадахгүй бөглөрчихөөд эцэстээ өөрт сонсогдохоор нэг сулхан эхэр татсансан. Догдлол баяр, харууслаар солигдон, болж буй юм бүхэнд итгэж үл чадан гайхаж, хэнд ч юм бэ, юунд ч юм бэ гомдон, учраа олохгүй санаашран самуурсаар тэр өдрийг барсан билээ. Мөн ч зовлонтой урт өдөр байсан даа.
Тэр хачин өдрийг дуусан дуустал би цаг хаалга хоёр руу ширтэн суусан ч өнөөх хүү ахин орж ирээгүй, ангийн маань найз ч хүрч ирээгүй, ерөөсөө би хэнтэй ч буун буутлаа, буусныхаа дараа ч тааралдаагүй юм даа. Галт тэрэг зогсож бүх хүн бууж дуусан дуустал би вагон ресторанд суусаар л. Яг л хэн нэгэн нь хадаасаар миний хормойг минь сандалтай хадчихсан юм шиг, аль эсвэл хөл минь хөшөөд биеийн минь доод хэсэг хад чулуунд хувирчихсан юм шиг нэг л хэвэндээ суусаар байсан. Галт тэрэгний цэвэрлэгээ эхэлж бас дуусаж, зогсоол дүүрэн хүн хэдийнээ тарж одоод, эргэн тойронд ямар ч амьд амьтны бараа үгүй юм шиг тийм эзгүй, аймшигтай хоосон болохын үес нойрмог нүдтэй нэг бүдүүн эгч эвшээсээр орж ирэнгүүтээ харанхуйд сууж буй намайг олж үзмэгц учиргүй цочин уулга алдаж, үхтэлээ айсандаа уурлан хашгичсаар зодохоос наагуур аашлан галт тэрэгнээс хөөн буулгаж билээ. Би яаж сандлаасаа боссон, яаж буусан, тас харанхуйд яажшуухан гэртээ харьснаа дараа нь огт санахгүй байсан. Ингээд би тэр хөвгүүнийг мөнөөхөн урт өдрийн эцэст бүү хэл, маргааш нь ч, хожмоо ч, ер бүхий л амьдралдаа ахин нэг ч хараагүй юм даа. Нэг ч...
Эгч ярьж дуусаад инээмсэглэв. Ийм хачин төгсгөл хүлээж байгаагүй миний сэтгэл гонсойж шогшрон дуу алдлаа.
-Үнэхээр та хоёр ахиад таараагүй гэж үү дээ?
- Таараагүй ээ.
-Яана аа, ямар хачин юм бэ, яасан инээдтэй....
-Тийм ээ, инээдтэй байж магадгүй. Харин надад бол гунигтай санагддаг. Би өөрийн хэлсэн бодлогогүй үгэнд балмагдан хэсэг дуугүй болсноо хоолойгоо хүчлэн засаад:
-Тийм ээ, гунигтай түүх юм, аймаар гунигтай.... гэж хэлэв. Эгч над руу нэг хачин хараад цонхонд наалдлаа.
-За байз оо, яасан юм бол? Тасалбар түгээгчид баригдчихсан юм болов уу? хэмээн намайг хэсэг хугацааны дараа бодлогошронгуй дуугарахад эгч инээмсэглэснээ “магадгүй” гэсэн шиг хайнгадуухан толгой дохив.
-Эсвэл танай ангийн нөгөө Баадайтай чинь тааралдаад бөөн зодоон цохион болсон юмсан уу?  Эгч дув дуугүй сууж байснаа гэнэт чангаар инээлээ. Тэгээд дуугарсангүй.
-Тэр ангийн найз чинь ингэхэд яасан хачин аминчхан хүүхэд вэ? гэж хэлээд би юм сонсчих санаатай эгч рүү буландан харсанд тэр өөдөөс учиртайхан ширтсэнээ:
-Баадай маань яг үнэндээ бол надад хайртай байсан юм билээ. Би их л хожуу мэдсэндээ өөрийгөө гайхдаг. Надад яриад байдаг өнөө олон дурлалын паян энэ тэр бол ердөө л халхавч. Зүгээр л надтай тийм янзаар харьцаж, миний гайхшийг барж, намайг бишрүүлж суух нь түүнд амар санагддаг байж л дээ. Миний л дэргэд байх гэсэн санаа нь тэр. Гэхдээ л их ухаантай, их хэрсүү хүү байж гэж би одоо боддог юм. Сэтгэлээ тийм удаан тас нууж чадна гэдэг бас ч ухаан шүү тийм ээ. Хүүхдэд баймгүй ухаан. Жинхэнэ тэсвэр тэвчээр юм уу даа. одоо бол би ангийнхаа найз хөвгүүнийг дурсах болгондоо хайрлан өрөвддөг. Гэхдээ л бид уулзалгүй гучаад жил болчихлоо доо.
-Та тэгээд дараа нь Баадайгаасаа нөгөө хүүгийн тухай дахиж асуусан уу?
-Үгүй дээ Баадай бид хоёр энэ тухай ярих завдал ч гараагүй. Яагаад гэвэл тэр шинэ жилийн баяраас хойш бид хоёрын харьцаа ихэд өөрчлөгдөж, ангийн найз хүү маань халгаж тойрсоор байгаад, арай гэж нэг хүрч ирэхдээ надад сэтгэлээ илчилснээр бидний нөхөрлөл үүрд нуран унасан хэрэг. Би түүнтэй урьдынх шигээ ойр харьцаж чадахаа больж, тэр ч надтай нүүр тулахаас эмээн зугтах болсон. Гэвч манай шатан дээр, намайг хүлээн суудаг нь хэвээрээ их л удаж билээ.
Тэр уучлал өршөөлийг, бас миний сэтгэл өөр рүү нь эргэхийг их л удаан хүлээсэн дээ. Найз минь нэгэн дор хамгийн сайн анд нөхрөө, бас хайртай охиноо зэрэг алдсан юм. Ийм юм болчих вий гэж урьдчилан мэдэрсэндээ л Дон Жуаны дүрд тоглодог байж. Омголон чиг, ухаангүй чиг явж дээ. Тэр хүүд би дэндүү хатуу ааш гаргасан даа.
-Найз охидоосоо тэгвэл өнөө хүүгийн тухай асууж болоогүй гэж үү?
-Бас л үгүй. Баянаагийн хачин ааш, Уртаагийн юунд ч юм бэ шаналсан, бас надаас нэгийг нуусан байдалд эмзэглэсэн би найз охидтойгоо хэсэг зуур харьцалгүй таг болж орхисон юм. Тэгээд ч шинэ жил өнгөрч шинэ он дөнгөж гарахтай зэрэгцээд миний амьдрал шинээр эхэлж, найзуудаасаа огт өөр амьдралын замаар явсан даа. Намайг гэртээ буцан ирэхэд аав маань араас санаа зовсондоо ч юм уу, нэгийг бодсон шинжтэй гэнэт нэг л зөөлөрсөн, эргэлзсэн аястай болчихсоныг нь анзаарсан би зориг орж, дургүйцээд байсан бага ангийн багшийн хувиараасаа татгалзан, нийслэлд амьдардаг авга ахынх руугаа шилжин суурьшсанаар шинэ хот, шинэ найзууд, шинэ хүсэл мөрөөдөлтэй болсон юм. Удалгүй дээд сургуульд элсэн орлоо. Амьдрал минь гэнэт л ийнхүү хурдаа аван давхих машин мэт сэхээгүй урагшлан одож, бодож мөрөөдөж байсан зүг рүү өөрөө л хөтлөөд явчихсан даа. Гэхдээ дандаа сайн сайхан зам мөр рүү намайг чиглүүлсэнд нь бурханд талархаж явдаг аа. Гэвч эгч нь амьдралдаа ахиж анхны харцаар дурлаагүй юм. Хэдий ганцхан үдшийн явдал ч гэлээ тэр үнэхээр миний анхны дурлал байсан. Даанч анхны харцаар ирсэн анхны дурлалын эзнийхээ тухай юу ч мэдэж чадалгүй... Тэгээд.... тэгээд л бүх юм өнгөрсөн дөө. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт бүх юм дуусчихсан. Чи гайхах байх аа, би тэр хүүгийн бүтэн нэрийг ч мэдэхгүй. Тэр нэгэн орой найзуудынх нь дуудаж байсан, товчилсон, багын нэрийг нь л цээжиндээ үүрд хадчихаж. Уг нь бүтэн нэрээ нэг хэлсэн юм. Анх гар барихдаа л даа. Гэвч би тэрүүхэн үедээ ичиж сандраад тойвтой сонсож анзаараагүй хэрэг. Тэгсэн мөртлөө л дүрийг нь тод санаад явдаг. Тэр оройг ахин дахин сэтгэлдээ эргүүлж тойруулан ухаж, төнхөн гунигтайгаар ч гэх үү жаргалтайгаар ч гэх үү дурсаад л байдаг.
-Арай ч дээ, ямар харамсалтай юм бэ, нэр овгийг нь хүртэл мэдэхгүй гэж үү дээ.
-Тиймээ, хачин байгаа биз? Гэхдээ л би тэр хүүгийн нүдийг одоо ч харвал танина. Шууд танина, нэг хараад л. Хичнээн олон хүний дунд байсан ч... над руу хардаг л юм бол би танихдаа л танина.
-Тааралддаггүй юм гэхэд ядаж сураг сонсмоор доо. Үгүй гэж үү?
-Сураг бол сонссон. Амьдралаа гэж адармаатай шүү.
Тэр явдлаас яг хоёр жилийн дараа би төрөлх нутагтаа, аав ээждээ золгохоор түр буцан ирээд байхад нэг явдал болсон юм. Би оюутан болчихсон, зуны амралт дуусахаас хэдхэн хоногийн өмнө гэртээ түр ирчихээд байсан үе. Яг буцахын урд орой яагаад ч юм бэ, уйтгар гуниг төрж, орон гэртээ хоргодоод ч байх шиг, аав ээжээ орхино гэхээс эмзэглээд ч байх шиг, мөддөө ахин эргэж ирэхгүй ч юм шиг сонин совин татаад, хэн нэгнийг харуулдан хүлээх мэт тагтан дээрээ гарч зогсчихоод, гэртээ буцаж орж чадахгүй санаашран холхиж байтал орцны маань доогуур өнгөрч явсан нэг охин намайг олж үзчихээд ихэд дотночлон дуудаж “Буугаад ирээч ярих юм байна” гэж шавдуу гуйлаа. Манай байрны дөрөвдүгээр орцонд хар багаасаа амьдарсан сэргэлэн шар охин мөн байв. Намайг бууж очиход бүрэнхий болж эхэлсэн юм. Бид орцны үүдэн дэх сандал дээр суулаа. Тэр охин бид хоёр хэдийгээр хар нялхаасаа нэг байранд амьдарсан ч найзархдаггүй, ойртон дотносдоггүй байв. Харин энэ удаа бол өөр. Нэгэнт нас бие гүйцсэн бүсгүйчүүдийн ёсоор, нэг байранд хамтдаа өсөн торнисноо хайрлан ухаарсан сайн танилуудын ёсоор ихэд дотно сууж байгаад ярилцав. Тэрбээр манай хоёр найзын сурч асан, Эрдэнэт хотын тэр л сургуульд элссэн юмсанж. Барилгын засал чимэглэлийн ангийг энэ хавар төгссөн бөгөөд удахгүй Улаанбаатар явах гэж байгаа, намраас дээд сургуульд барилгын инженерийн мэргэжлээр суралцах гэж буй тухайгаа баяртайгаар дуулгалаа. Тэрээр намайг огт асуугаагүй байхад ийн өөрийн тухай бүхнээ хүүрнэж, миний тухай сонирхон асууж асуучихаад, гэнэт үгээ хураан хэсэг бодолхийлснээ,нухацтай янзаар дуугаа намсгаад,хуйвалдаанч төрхөөр шивнэн ийн ярьж билээ.
-Мартсанаас өнгөрсөн намар манай сургууль дээр нэг залуу ирээд, учиргүй чамайг асуудаг байна ш дээ. Танай найз Уртаагийн араас гүйдэг нэг өндөр бандийг чи таних уу? Эрдэнэтийн хамгийн царайлаг залуусын нэг байх шүү, охид лав анддаггүй юм. Тэрний найз нь гээд нээх сонин ууртай ч юм шиг, их зантай ч юм шиг биеэ тоосондуу байрын,аймаар харцтай залуу байдаг даа. Хэнтэй ч дуугардаггүй, бидэн рүү хардаг ч үгүй, ер нь бол тэнгэрийн амьтан юм байх гэж бодож явсан чинь харин нэг удаа аягүй хэрэг болгон манай сургууль дээр хүрч ирээд хичээлтэй байхад чинь таньдаг юм шиг л ангиас дуудуулснаа:
“Чи Дорноговийнх гэсэн үү?” гэж ирээд л би яг хэрэг хийчихсэн аятай, нэг их сонин ууртай дуугаар асуудаг юм байна. Миний гайхсан гэж.... тэгээд манай аймгийн тухай баахан дэмий балай юм яриулсан. Намайг байцаагаад, би байцаагдаад байгаа юм шиг л болчихсон. Яах гээд байгааг нь мэдэхгүй болохоороо би аяыг нь дагаад л асуусан бүхэнд нь хариуллаа даа. Хүний газар байгаа юм чинь одоо яахав дээ, бид нар чинь бас тэндхийнхний ая талыг харна аа. Тэгээд ч хөвгүүдтэй ямар хэрэлдэж болох биш. Хичээлдээ буцаж ормоор байсан ч би айгаад л, мэддэг бүхнээ яриад л, хэзээ намайг явуулахыг нь хүлээгээд зогсож байсан. Тэгсэн чинь харин нөгөөдөх чинь гэнэт чиний нэрийг хэлээд сурагладаг юм байна. Би сая л бүхнийг ойлгоод арай тайвширч байгаа байхгүй юу. “ Бид хоёр чинь яг нэг дорын хүмүүс шүү дээ.” гэсэн чинь нүд нь аймаар хачин онийсноо, таг болчихдог гэнэ лээ. Тэгснээ л ёстой аймаар сандраад, учиргүй сонирхоод л,чиний тухай яриулах гээд эхэлсэн. Юун би бушуухан салах манатай....Үүнийг сонсоод би учиргүй догдлоод явчихав. Хэдийнээ хоёр жил өнгөрсөн,би өөр залуутай болздог болчихсон байсан үе л дээ. Гэвч миний сэтгэл үнэнээсээ догдолж, аз жаргалтай л төстэй ямар нэгэн мэдрэмж зүрхэнд бялхаад л ирж билээ. Би биеэ барьсхийн байж, болгоомжтой янзаар “Чи тэгээд миний тухай юу гэж ярив?” хэмээн асуухдаа бүр хоолой минь чичрэхийг мэдэрсэн гээч.
-Юу гэхэв дээ, чамайг аймаар даруухан, охид хөвгүүдгүй бүгд хүндэлдэг тийм л охин гэсэн. Сайн охин гэж хэлсэн шүү, би чамайг.
-Уг нь бол би муу охин юм уу? гэхдээ инээмэр аядав.
-Яалаа гэж дээ, би сая тийм утгаар хэлээгүй шүү, яана аа. Угаасаа чи нэг л хөөрхөн. Тэгсэн мөртлөө даруухан. Би адилхан эмэгтэй юм мөртлөө л чамайг дандаа харж явдаг байж билээ. Үсээ яаж боосныг чинь хүртэл дуурайгаад л. Манай байрны Сүмбэрээ чамд сайн байсныг ингэхэд чи  мэдэх үү?
-Тийм үү, яана аа, нөгөө аймаар Сүмбэрээ юу?  Нохой муур тамладаг Сүмбэрээ юу даа? Ямар хачин юм бэ, үнэн үү, тэр бас эмэгтэй хүүхдэд сайн болдог юм байжээ...гээд би эвгүйцэн мөрөө хөдөлгөв.
-Сайнаар барах уу, чамд аягүй олон жил сайн байсан.
-Тийм үү, ямар муухай юм бэ, тэр чинь амьтан тамлагч шүү дээ. Би нэг удаа санаандгүй харчихсан юм. Ёстой аймаар хүүхэд... түй, түй,түй.
Миний сандрахыг хараад манай байрны охин учиргүй инээлээ. Түүний инээдийг сонсоод олон жилийн өмнө тэр нэг өдөр санаандгүй харсан яргалал, үхэж байгаа жижигхэн гөлөгний айсан нүд хоёр бушуухан сэтгэлээс арчигдан тайтгарч хоёр жилийн өмнөх өнөө гайхамшигтай ч, хачирхалтай ч, үл мартагдам шинэ жилийн орой сэтгэлд сэргэн амилаад ирэв. Хурц хар нүдээрээ цоо ширтсэн цонхигор, шазруун хүүгийн төрх харанхуйд нүдний өмнө яах ийхийн зуургүй амилан тодорлоо. Би гэнэт санаа алдчихаад бодлоо үргээх гэсэндээ бушуухан толгойгоо сэгсрээд:
-Хачин юм |Сүмбэрээг охинд сайн болдог гэхээр л санаанд багтахгүй юм. Үгүй ер тэглээ ч очиж очиж надад сайн болоод байхдаа ч яахав дээ. Намайг нохой тэжээдгийг мэддэг байсан биз дээ, тэрнийг чинь нохой мууранд байтугай нохой тэжээдэг хүнд хүртэл дургүй юм байх гэж бодож явсан шүү би. За за тэр ч яахав.
-Хойд аав нь дандаа зоддог байсан юм. Тэгээд л амьтанд уураа гаргадаг байсан биз. Уг нь гайгүй хүүхэд ш дээ, одоо их сайхан залуу болсон байна билээ.
-Өө тийм юм уу? Тэгээд... Чи тэгээд тэр Эрдэнэтийн их зантдаа миний талаар өөр юу гэж ярьсан бэ?
-Юу ярихав дээ, хөөрхий сонирхоод байгаа юм, яриад өгчихье гэж бодсон чинь яг үнэндээ би чамайг нэг их сайн мэдэхгүй юм билээ шүү дээ. Нэгдүгээр орцны гурван давхрын охин л гэхээс өөр юм үнэндээ мэдэхгүйгээ тэгэхэд л мэдсэн. Чамайг гэрээсээ бараг гардаггүй, гадаа ч тоглодоггүй, охидтой ч хөвгүүдтэй ч ер тэнэдэггүй, зожигдуу охин л гэсэн. Бүжгийн дугуйланд явдаг, нохой тэжээдэг, дандаа улаан цамц өмсдөг гээд л. Сүмбэрээг чамд сайныг, танай ангийнхан байнга бөөнөөрөө танай гэрт ирцгээдгийг... Бас тэгээд нэг удаа бүр том болчихсон хойноо эрэгтэй хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байсныг чинь харснаа гэнэт санаад тэр тухай ч хэлсэн.
-Хүүе яаж байгаа юм бэ? Би ганц хоёр удаа л тоглосон шүү дээ. Манай ангийн хөвгүүд л байхгүй юу даа, хүн дутчихаад тэгээд гуйхаар нь...Ямар мангар юм ярьдаг юм бэ? чи.
-Яадаг юм, хөөрхөн ш дээ. Тэр тухай сонсоод өнөөх чинь харин зөндөө инээсэн.
-Инээсэн гэнэ ээ? Нээрэн үү? Өөр...өөр тэр тэгээд юу гэсэн бэ?
-Чиний тухай асууж асуучихаад чимээгүй зогсоод л байсан. Тэгснээ нэг сонин хөгшин хүн шиг аймаар чанга хэнгэнэтэл санаа алддаг байна ш дээ. Бүр ингээд... Х-н-н-н-н-гээд учиргүй урт санаа алдсан гээд л бодчих. Би аягүй өрөвдөж үү. Миний бодлоор тэр залуу чамд сайн юм шиг ээ.
Ингэхэд та хоёр яаж танилцсан юм бэ?
-Аан бараг хоёр жилийн өмнө өө, шинэ жилээр би нэг Эрдэнэтэд очсон ухаантай. Уртаа, Баянаа хоёр дуудаад л. Тэгж л.. ганц л удаа бид уулзсан юм. Уулзсан ч юу байх вэ, тааралдсан гэх үү дээ.
-Ганцхан удаа юу?
-Аан-хан.
-Тийм байх нь, тэгээд чи хаяг маягаа өгөөгүй юм уу? Танай гэрийг надаас асуугаад л байсан ш дээ. Ирээгүй юу? Цаасан дээр надаар бүр зуруулж авсан шүү дээ.
-Тэгээ юу? Чи зөв зааж өгсөн биз дээ?
-Зөв заалгүй яадаг юм бэ. Ингэхэд чи өөрөө яагаад хаягаа өгөөгүй юм бэ? Их зантай, биеэ тоосон залуу шиг санагдсан уу?
-Өгч амжаагүй юм аа.
Миний дуун дахь гунигтай өнгийг анзаарсан бололтой, байрны охин маань сэртэсхийн над руу харснаа:
-Тийм үү, найзуудаас чинь хаяг авчихаж болоогүй юм байх даа.
Би дуугарсангүй. Байрны охин над руу хэсэг хянуур ширтэн, хариу хүлээснээ,ямар нэг юм мэдрэв бололтой толгой сэгсрээд:
-Уг нь тэр намайг нилээн удаан шалгаах янзтай байсан юм. Даанч тэгээд яриад зогсож байтал завсарлага болоод, хонх дуугарч, хажуугийн ангиас танай найз Уртаа Баянаа хоёр гараад ирсэн байхгүй юу. Тэгээд л нөгөөдөх чинь ичсэн үү яасан царай нь гэнэт хувираад, яриагаа дундаас нь таслаад шуудхан яваад өгсөн. Тэгснээ хүүхдүүд нэг давхар руу бүгд буусны дараа эргэж гүйж ирээд чамд заавал мэнд дамжуулаарай гээд байгаа юм аа бас. “Би гурав хоногийн дараа Герман руу сургуульд явлаа” гэж нэмж хэлсэн. Тэрний явна уу байна уу надад ямар хамаатай билээ, бодвол чамд л зориулж хэлээ биз. Миний сонссоноор танай найз Баянаа чинь тэр залууд хайртай юм шиг байна лээ ш дээ, тийм үү?
Байрны охин бид хоёрын хооронд ердөө ийм л яриа болсон доо.
Сүүлчийн өгүүлбэрийг сонсоод би нүүрэн дундуураа тас алгадуулаад авах шиг боллоо. Ингээд л бүхнийг ор тас мартахаар, юу ч болоогүй мөртлөө ер бусын хачирхалтай дурсамж үлдээсэн тэр нэгэн гунигт өдөрт үүрдийн цэг тавихаар шийдсэн юм даа. Баянаа, Баадай гээд хоёр сайн найзынхаа сэтгэл рүү санаандгүй мөс цутгаж орхисон тэр нэг шинэ жилийн үдэш миний хувьд хамгийн сайхан, хамгийн халуун дулаан, хамгийн сэтгэл догдлом өнгөрсөн ч гэлээ би ийнхүү хүчээр бүхнийг ой дурдатгалаасаа авч хаяхаар шулуудсан даа. Даанч түрхэн зуур л сэтгэлээ хуурсан байж. Он жил өнгөрөх тусам, хүүхэд насны ихэнх дурсамж алсран холдож, багын найзууд хүртэл сэтгэлд гойдын зай эзлэхээргүй болсон ч огт танихгүй шахуу тэр хүү сэтгэлд улам томрон тодорсоор, хариултыг нь авч чадаагүй гайхам асуулт болон намайг зовоосоор, бүр зүүдэнд хүртэл мөнөөхөн үдшийн дүрээрээ хааяахан айлчилсаар, амьдралын минь нэг нууцхан хэсэг болж орхисон юм. Одоо ч би тэр үдшийг догдлохгүйгээр дурсаж чаддаггүй. Хамгийн сайн хоёр найзынхаа сэтгэлийн нарийн ширийнийг мэдээгүй явдал гэхдээ тэр өдөр надад хэрэг болсон юм шүү. Хэрэв бүхнийг мэдсэн бол би эхнээсээ л сэтгэлээ хянах байв. Гэхдээ л анхны харцаар ирсэн анхны тэр гэгээхэн дурлалд минь хамгийн сайн найзууд маань л хамгийн их садаа учруулсан гээд бодохоор хачин. Энэ бүхний эцэст, хэн хэндээ хязгааргүй татагдсан ч аз дутаж, амьдралын хоёр эргүүлэг тийш үүрд шидэгдсэн хоёр залуу хүн л эгнэгт нэгнээсээ тусгаарлагдсан юм даа.
-Тэр хүү яагаад таныг хайж ирээгүй юм бол оо? -Хэн нэгэн нь худал зүйл ярьж түүндээ итгүүлсэн биз ээ. Чамайг өөр хүнд хайртай ч гэдэг юм уу, эрэгтэй хүүхэдтэй үерхдэг ч гэдэг юм уу. Худал хуурмагт шалтаг мундах биш дээ. Харин хоёр жилийн дараа тэр хүү бодвол бүхнийг мартаж чадахгүй л явсан бололтой, алс явахын өмнө гэнэт зориг гарган очиж, манай байрны охиноос асуун сураглах үед бүх юм оройтчихсон байсан хэрэг.
Тэр хүү манай аймагт, манай байрны гадна хэзээ нэгэн цагт ирсэн ч байж мэднэ. Би тэр үед нь шинэ найз залуутайгаа алхаад явж байсан ч юм бил үү. Эсвэл тэр ирээд манайхыг олоогүй буцсан байх. Эсвэл намайг нийслэл рүү шилжээд явчихсан үед ирээд эрэл мухардсан байх. Эсвэл удаан хугацаагаар өвдсөн ч юм бил үү? Эсвэл...
Эгч ингэж хэлээд галт тэрэгний цонхоор гадагш харан хэсэг бодол боллоо.
Миний сэтгэл ч бас Жагаа эгчийнх шиг хүндрэн, цонхоор гунигтай ширтэв. Тэгээд дурласан охиноо үдэж өгөхөөр галт тэрэгний буудал дээр хоцорч ирсэн сандруухан хүү хэрхэн ухаангүй гүйж буйг, сүүлчийн вагоны бариулаас зүүгдсээр дотогш үсрэн орж буйг төсөөлөн бодлоо. Үхтэлээ гүйснээс ядарч, бас хоцорсондоо балмагдаж сандарсан тэр арван долоотой хүү анх хараад л дурлаж орхисон танихгүй шахам охиноо хайж олохоор, ганц удаа ч болов барааг нь харчих санаатай, вагон вагон руу шагайн, бачимдан явааг нь ийн зүрхэндээ хараад эмтрэх шиг болов. Ганцхан шөнийн настай ч мянган шөнийн дурсамжтай золгүй дурлалаа үүрд алдахын зөнд хөтлөгдөн ухаангүй гүйж явахдаа тэр хүү ахин хэзээ ч учрахгүй гэдгийг зөгнөсөн юм биш байгаа.
Вагон ресторанд ганцаархнаа цомбойн сууж байгаа ичимхий охиныг тэгснээ гэнэт хараад зүрх нь амаараа гарах шахаж,хязгааргүй баяр хөөрт автсан тухай, төд удалгүй тийз шалгагч булиа эрд баригдан дараагийн зогсоол дээр хөөгдөн буугаад, эр хүний биш нулимс унаган галт тэрэг даган гүйж буй тухай би гунигтайяа төсөөлөн бодлоо.
-Дэндүү харамсалтай хэний ч буруу гэмээр юм бэ дээ? хэмээн би өөрөө ч мэдэлгүй хэлээд аяархан шогширлоо.
Хэний ч буруу байгаагүй юмаа. Баадайгийн ч, Баянаагийн ч , тэр хүүгийн ч бас миний ч буруу байгаагүй. Арван долоон нас.... арван долоон нас шүү дээ. Арав биш, хорь биш арван долоо. Яг ч хүүхэд биш, арай ч том хүн биш. Бүхнийг мэдэрч ойлгож эхэлсэн, бүхнийг хүлээн авахад бэлэн ч бүгдийг гараасаа алдаад юу юугүй үүрд үгүй хийчихэж мэдэх, юу ч хийхээс буцахгүй атлаа, юу ч хийж чаддаггүй арван долоон нас...
Эгч ингэж хэлээд таахын аргагүй харцаар над руу ширтлээ.
“Ханна явдаг бол доо, тэр залуу одоо?” гэж би өөрийн эрхгүй санаашрав. Энэхэн хорвоогийн альхан талд яваа бол, ямар эр хүн болсон бол, энэ эгчтэй одоо уулзвал хэрхэх бол, түүнийг дурсдаг болов уу, аль эсвэл бүр мартчихсан болов уу? Эсвэл яг л энэ эгч шиг хааяа хааяа зүүдэлсээр явдаг болов уу? Би уяран байж ийн бодлоо. Жагаа эгч галт тэрэгний цонхоор ширтэх нь эгээ л тэр өдрийнх шиг ээ, арван долоотой, аймтгай ичимтгий мөнөөх охин нас шиг ээ догдлонгуй атал таагдашгүй нууцлаг төрхтэй үзэгдэнэ.
-Хэрэв та яг одоо түүнтэй уулзвал юу гэж хэлэх вэ?
Би асуучихна гэж огт санаагүй энэ бодлоо палхийтэл санаандгүй хэлж орхилоо.
Эгч над руу гэнэт өмнө нь мөнөөхөн хүү гараад ирсэн юм шиг цочсон янзаар дүрлийтэл харснаа, сайхан хар нүд нь түргэхэнээ очтон гялалзаад, хязгааргүй баяртай инээмсэглэв. Тэгснээ нэг л сонин тэвдэнгүй ухасхийж, надад дөхөн суугаад, огт эргэлзэж тээнэгэлзэлгүй ингэж хэлсэн юм даа.
-Ганц л юм асууна.
-Юу гэж?
“Тэгэхэд чамд муу юм тохиолдчихоогүй биз дээ, бэртэж гэмтчихээгүй биз?”
ХОРИН ТАВАН НАС
Москвад хүрээд бид хэзээний дотно хүмүүс шиг, эгч дүүс шиг л хацар дээрээ үнсэлцэн, чанга тэврэлдээд салав. Би тавхан өдрийн дотор таван жил нөхөрлөсөн юм шиг дотно болж амжсан сайхан тэр эгчийн араас хайрлангүй нүдээр харж зогссоноо гэнэт нэгийг санаад нэрийг нь чангаар дуудан хашгирав. Дуудах ч гэж дээ, бараг л орилсон юм. Тэр гайхаж дороо зогслоо. Би ачаа бараагаа тэр чигээр газарт орхичихоод гүйж очив.
-Нээрэн би таниас нэг юм асуухаа мартчихсан байна шүү дээ, Жагаа эгч ээ?
-Юу билээ?
-Хоёр дахь хүсэл. Яагаав нөгөө хорин таван нас. Хэрэв эргээд залуу болвол хоёр алдаагаа засна гэж та хэлсэн шүү дээ. Юуг өөрчлөх гээд байсан юм бэ? Тэр чинь ямар алдаа юм?
Жагаа эгч миний цочирдуу сандруу хашгираанд гайхан тулгамдсан нь сая тайлагдав бололтой, хөмсгөө өргөж нэг том харчихаад, миний үсийг чихний араар хийн засаад удаан ширтэв.
-Аа, хорин таван нас уу? Тэр жил би дээд сургуулиа төгсөж, анхныхаа ажилд орж, өөрийн гэсэн цалинтай, өөрийн гэсэн байртай, жинхэнэ нас биед хүрсэн, эрх чөлөөт эмэгтэй болсон юм л даа. Хорин тав гэдэг ч бас тийм ч өгөөмөр нас биш шүү уг нь. Хүний амьдралын үнэн донсолгоотой үе шүү дээ. Харин би тэр л насандаа амьдралынхаа бүх зүйлийн үзүүрээс олж атгаж чадсан юм. Ажилтай, төрөлтэй, амьдралын баталгаатай болсон төдийгүй, намайг дөрвөн жил дагаж, дөрвөн жил хүлээсэн нэгэн сайхан залуутай гэрлэх шийдвэр гаргасан даа. Энэ бол миний амьдралын хамгийн шийдвэрлэх алхам байсан. Хамгийн зөв алхам ч гэх юм уу. Ингээд л гэрлэсэн дээ. Эгч нь дэндүү аз жаргалтай хүн болж хувирсан. Гэрлэснээс хойш бүх юм сайнаар өрнөсөн. Миний нөхөр эмэгтэй хүн бүрийн хүсэн хүлээдэг тийм л эр хүн. Монголд очоод чи танилцах болно оо.
Гэхдээ би гэрлэснээсээ их олон жилийн дараа, бие минь өвдөөд халуурсан нэгэн шөнө, хачин этгээд зүүд зүүдлээд сэрмэгцээ, шөнөжингөө орондоо хөрвөөн байж, эргэн эргэн бүхнийг санаад, “Хуримынхаа яг өмнөх өдөр гэнэтхэн очоод бушуухан эргээд ирье гэж хязгааргүй хүссэн тэр нэг газар руугаа яг тэгэхэд, хуримынхаа өмнөх өдөр л гялс яваад ирдэг байж” гэсэн хачин юмыг гэнэт бодсон. Тэгээд бүр харамссан. Маргааш нь хурим минь болох гэж байхад би гэнэт нэг тийшээ явчихаад ирмээр санагдаад ер болохгүй байсан юм л даа. эгчдээ энэ тухай хэлтэл загнуулж, тэгээд бас нөхөр рүүгээ утасдтал тэр шоолон инээгээд ер тоогоогүй. Тэгээд л очиж чадаагүй юм. Энэ л харамслаа, тэр хар дарсан зүүдний шөнөөс хойш одоо хүртэл сэтгэлдээ тээсээр явдаг. Тиймээс, хэрэв чи гараа инчдэн хөдөлгөөд, ид шидийн дохиураар илбэдээд, эргэн залуу болох ганцхан өдрөөр шагнавал эгч нь тэр л газарт хурдхан очоод ирнэ дээ. Тэгээд л болно. Ердөө ингээд л болох нь тэр. Миний амьдралын бүх алдаа засагдах болно.
-Тэр нь ямар газар юм бэ? Яасан сонин хүсэл вэ? Юу нь тэгээд алдаа байгаа юм бэ? Тийм онцгой газар хаа байдаг хэрэг вэ? Парис уу, Хавай юу, Венец үү?
Жагаа эгч нулимсаа гартал инээв. Тэгээд миний мөрөн дээр хоёр гараараа хүчлэн дарснаа, гэнэт хүзүүгээр минь чанга тэврээд, чихэнд ийн шивнэв:
-Эрдэнэт.
/Л.Өлзийтөгс  “Хотын үлгэрүүд”  номоос/



Эх сурвалж: http://www.mmnews.mn

Friday, April 21, 2017

Зохиолч Ц. Ууганбаяр "Мессеж"


Тогтуун салхитай зуны энэ шөнө Намууны гар утасны мессежний дохио дуугарч түүнийг хар дарсан зүүднээс нь сэрээжээ. Хувийн компанид нягтлан бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж ядан утсаа дэлгэж үзэв. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ, АДГУУС МИНЬ...” Намуун хэдий нойрмог байсан ч өөрийг нь заналхийлсэн энэхүү мессежийг маш сайн уншиж ойлгов. Сэтгэл нь жихүүцээд явчих нь тэр. Үүрийн дөрвөн цаг дөхөж байхад хэн нэгэн найз нь өөрөөр нь ингэж муухай бүдүүлгээр тоглоно гэж баймааргүй санагдана. Ингээд Намууны нойр айснаасаа болоод бүрмөсөн хулжиж орхиод орон дээрээ өндийж суулаа. Тэрээр уг мессежийг ямар дугаараас явуулсныг мэдэхээр утасныхаа дүрсийг доош нь гүйлгэж харав. Санаанд оромгүй юм. Ямар ч дугаар байхгүй байна. Үгүй ядаж ямар нэгэн дүрсэн тэмдэглэгээ ч байхгүй байна шүү. Ямар хараал идсэн өөдгүй золиг нь ганц бие эмэгтэй рүү ийм мессеж явуулж зугаагаа гаргадаг байнаа, гэсээр Намуун унтахаар буцаж хэвтлээ. Гэвч түрүүчийнх шигээ гүн нойронд автсангүй. Хамаг оюун ухаан нь таагүй бодлуудаар дүүрч, өөрийг нь заналхийлэх ямар хүн байж болохыг сэтгэлдээ тунгаасаар.
...” Эзэн минь танд мессеж ирлээ”
Намууны утасны энэхүү мессеж ирж буй дохио чимээ аниргүй харанхуй гэрт дахн хадлаа. Намуун давхийтэл цочих нь тэр. Бас хэн нь вэ, арай саяны нөгө тэнэг амьтан чинь дахиад л заналхийлж байгаа хэрэг биш байгаа даа хэмээн бодсоор Намуун утсаа дэлгэж үзэв. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ...АДГУУС МИНЬ” Ээ золиг, дахиад л. Энэ чинь намайг харин яадаг новш вэ. Дугаар нь гардаггүй утаснаас намайг дарамтлах шаардлага энэ хүнд байгаа л юм байх даа.
Сүүлийн хоёр жилийн туршид ганцаараа амьдрах болсон Намуун анх удаагаа л ийнхүү жихүүцэж, айн сандарч байгаа нь энэ байлаа. Түүний нүдэнд бүр нулимс цийлэгнээд ирэв. Ийнхүү Намууныг уг мессежний учрыг олж амжилгүй яахаа мэдэхгүй байтал дахиад л өнөөх мессеж ирэх нь тэр. Дугаар нь гардаггүй утаснаас нэг янзын заналхийлсэн мессеж дахин дахин ирсээр. Намуун тэссэнгүй хэсэг хугацаанд тээнэгэлзэж байснаа шуудхан утсаа унтраагаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтлээ.
Буцах хаяггүй муу ёрын мессежнээс болоод Намууны нойр хүрсэнгүй. Хамаг бие сэтгэл нь тэр аяараа айдаст автан түүнээсээ болоод бүр дагжин чичирч байв. Тэрээр хэдий унтахыг хүсч байсан ч чадсангүй.
Элдвийн муу ёрын бодлууд ар араасаа хөвөрсөөр байтал үүр цайжээ. Нарны гэгээ тусч харанхуй арилаад ирэх үест Намуун сая нэг хагас дутуу тайвшраад орноосоо бослоо. Шөнийн мессежний заналхийллээс болоод дутуу нойртой хоносон учраас нүд нь улайж, царай нь цонхийжээ. Намуун утсаа асаах гэснээ эргэлзэж түр хүлээхээр шийдээд угалгын өрөөнд явж орлоо. Тэрээр толинд өөрийгөө хараад цочих шиг болов. Би чинь ийм ядруухан, доожоогүй хүүхэн билүү. Үгүй ээ, би ийм царай муутай хүүхэн биш, энэ зүгээр л ядарснаас болоод өөрийгөө ийм сүр сүлдгүйгээр харж байгаа биз.
Намуун өөрийгөө ийнхүү бодлоороо тайвшруулаад хүйтэн усаар нүүрээ маш хүчтэй үрж угаалаа. Овоо сэргэх ч шиг болох нь тэр. Тэрээр өөртөө өглөөний цай бэлдэхийг ч завдсангүй. Уг нь Намуун ажлаасаа хоцорч байсан ч хамаагүй өглөөнийхөө цайг заавал гэртээ уугаад гардаг билээ. Гэтэл энэ өдөр Намууны энэхүү бичигдээгүй хууль ямар ч торох юмгүйгээр зөрчигдөх нь тэр. Магадгүй тэрээр хоол идэж цай уудаг гэдгээ хэсэг хугацаанд мартчихсан болотой. Түүнд үнэндээ л хийх юм олдсонгүй. Ажилдаа явах гэтэл цаг хавьгүй эрт байна. Яахав одоо гараад очлоо гэхэд лав л гурван цагийн дараагаас ажилчид цуглаж эхэлнэ. Жижүүрээс өөр хэн ч байхгүй. Эзгүй ажлын байранд очоод яах ч юм билээ. Тэгээд ч хүмүүс намайг шөнөжин шоудаж гадуур хоноод ирлээ гэх нь дамжиггүй. Намуун ийнхүү яахаа мэдэхгүй тээнэгэлзсээр буйдан дээрээ хэсэг суув. Тэрээр шийдэв бололтой гартаа атгасан motorolla маркийн утсаа дэлгээд асаах товчлуурыг дарлаа. Намууны гар утас ажиллахад бэлэн болжээ. Шөнө ирсэн мессежүүдийг цөмийг нь устгаж аваад санаа нь амрах шиг болсон Намуун ажилдаа явахаар шийдэж алгуурхан өндийлөө.
Цэвэрлэгчийн гудамж шүүрдэж буй шир... шир... хийсэн чимээ үйлдвэрийн яндангийн дуутай хоршиж, хаа нэгтээ хурдлан өнгөрөх машны дуу амьдрал эхлэж байгааг илтгэнэ. Намуун өнгөрсөн шөнийн заналхийллийг бүрмөсөн мартахаар шийджээ. “Зүгээр л хэн нэгэн утас андуураад тэгсэн биз. Түүнээс биш намайг ер нь хэн, яасан гэж ингэж заналхийлж байхав. Бүх юм хэвийн байна. Ажлаа сайн хийгээд, амьдардгаараа амьдраад явахад болно” Намууны энэ бодол нь түүнийг тайвшрахад хүргэв бололтой.
Энэ өдөр Намуун ажилдаа хамгийн эрт иржээ. Жижүүр нь түүнийг ийм эрт ирж байгаад гайхав бололтой нэг том харснаа цоожтой өрөөг нь онгойлгож өглөө. Өөрөөс нь өөр хэн ч байхгүй байгаа Намууны ажлынх нь өрөөнд “ Эзэн минь танд мессеж ирлээ...” гэх гар утасны дуу дахин хадлаа. Өөрийгөө овоо тайвшруулаад байсан Намуун огло үсэртэл цочив. Утсаа нээгээд харлаа, дахиад л өнөө урд шөнийн мессеж дугаар нь гардаггүй тэр утаснаасаа ирсэн байх нь тэр. “Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ...АДГУУС МИНЬ”. Энэ мөртийг уншаад Намууны огиудас хүрэх шиг боллоо. Бурхан минь гэж, энэ одоо хэн юм бол оо хэмээн амандаа үглэсээр Намуун гар утсаа салгаж орхив. Тэрээр дахин утсаа асаахыг ч хүссэнгүй, зүгээр л олон хүн бужигналдсан хөгжилтэй, сэтгэл тайван байх орчныг хүсч байлаа. Ажлынхаа том өрөөнд ганцаархнаа байгаа бүсгүйн сэтгэл хямарч нойр нь ч хүрэх шиг болоод ширээн дээр гараа дэрлээд яахаа мэдэхгүй тэрийн хэвтлээ. “ Намайг хэн ингэж дарамтлаад байгаа юм бол оо” хэмээн гиюүрч байтал ажлынхан нь цувран ирцгээв. Ажлын өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж, удалгүй хоолны цаг болж нэг өрөөнд хамт ажилладаг зургаан бүсгүй өрөөндөө хооллохоор боллоо. Намуун утсаа асаасан ч үгүй өөрийнхөө суудаг ажлын ширээн дээрээ хөсөр орхиод өрөөний голд байдаг том дугуй ширээн дээр ажлынхантайгаа зэрэгцэж суув. Түүнд хоол идэх өчүүхэн ч хүсэл байхгүй байсан хэдий ч өмнөө байгаа тавагтайгаас хоолой руугаа өөрийгөө хүчлэн арай ядан давуулж байгааг хамт ажиллагсад нь харин анзаарсангүй.

“ Эзэн минь танд мессеж ирлээ..”
Дуугаа хурааж бөөн бухимдал болон сууж байсан Намуун өөрийн эрхгүй дагжин чичирч “Ээж минь” хэмээн дуулдах төдий шивнэлээ. Намууны хамт ажиллагсад түүн рүү гайхсан харцаар ширтэж нэг нь бүр тэссэнгүй бололтой “Яагаад мессеж ирээд байхад утсаа үзэхгүй байгаа юм бэ?” хэмээн их болгоомжлонгуй өнгө аястай асуугаад авав. Харин Намуун энэ асуултанд хариулсангүй. Гар утас руугаа цогцос харсан юм шиг айж бачимдсан харцаар нүд салгалгүй ширтэж байснаа “ Миний утсыг хэн асаачихаа вэ?” хэмээн арай ядан дуугарлаа. Намууны хамт ажиллагсад чухам юу болоод байгааг ойлгохгүй, дэмий л нэг нэгэн рүүгээ асуусан харцаар харна. Намуун утсаа үзсэнгүй, харин мэгшин уйлж эхлэв.
- Уг нь би утсаа унтраачихсан ш дээ. Та нар яагаад асаачихсан юм бэ?
Намууны энэ асуултад хариулах хүн олдслнгүй. Бүр зарим нь бие засах нэрийдлээр өрөөнөөсөө гарч явцгаалаа. Намуун ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй байсаар байснаа сууж байсан сандал дээрээсээ арайхийн өндийж бослоо. Тэрээр айснаасаа болоод бүр хөшчихсөн байгаа нь андашгүй байх аж.
- Би уг нь утсаа унтраасан юмсан, та нарын хэн нэгэн нь асаасан уу. Надад үнэнээр нь хэлээч, гуйж байна?
Хэн ч хариу үг хэлсэнгүй, Харин Намууны өөдөөс нь харж суудаг энэ жил дөнгөж сургуулиа төгсөөд байгаа Элбэгзаяа Намуунаас нүд салгалгүй ширтэж байснаа “ Би лав асаагаагүй. Ер нь хэн ч асаагаагүй ш дээ, та өөрөө харж байсан. Тэгээд ч та өөрөө л утсаа гүйцэд унтраагаагүй юм байлгүй дээ, юунд нь санаа зовсон юм. Намуунаа эгч ээ, ингэхэд таны бие зүгээр үү?” гэж асуув.
Намууны ай түгшиж байсан тогтворгүй харц гэнэт ууртай шийдэмгий байдал руу шилжиж гар утсаа ширээн дээрээс шүүрч аваад дэлгэлээ.
Утсаа салгахаар л зугтчихна гэж бодоо юу. Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ... АДГУУС МИНЬ
Намуун гар утсаа эгээтэй л хана руу савчихсангүй. Мессежийг уншаад царай нь барайснаа сандал дээрээ суух биш зүгээр л уначих нь тэр. Ажлынхан нь түүнд халуун цай аягалж өгөөд, зарим нэг нь духыг нь алгаараа дарж үзээд халуунтай байгаа эсэхийг нь шалгана. Намуун жаахан тайвширснаа утсаа буцааж унтраагаад “ Надад санаа зоволтгүй ээ, би зүгээр” хэмээн ажлынхандаа хандаж аяархан хэллээ. Удалгүй цөм өөр өөрийнхөө ажилд орцгооход захирал нь орж ирээд “ Бие чинь муу байгаа бол эртхэн харьж амраарай, Намуунаа” гэж хэлчихээд гарав.
Намуун мессежний талаар ажлынхандаа юу ч ярьсангүй. Бас унтарсан байсан утас өөрөө асаад мессеж ирсэн гэхэд хэн ч итгэхгүй нь мэдээж. Тэгээд ч ажлынхандаа хаа хамаагүй өөрийнхөө утсанд ирсэн мессежний талаар ярьж залхаах нь дэмий гэж үзжээ. Намууны ухаан санаа ажлаа хийхэд ер төвлөрч чадахгүй зөвхөн заналхийлсэн мессежийг бичсэн эзэн хэн болохыг эргэцүүлнэ.
Дээрх явдлаас хойш хэдэн өдөр өнгөрчээ. Намууны утсанд заналхийлсэн мессеж энэ хугацаанд үе үе ирсээр байсан бөгөөд тэрээр үүнээс болоод ажлаасаа хэд хоногийн чөлөө авсан байлаа. Тэрээр учир шалтгаангүйгээр дарамтлуулсан байдлаасаа салахын тулд утсаа гэртээ орхиод найзуудтайгаа амралтанд хүртэл явсан хэдий ч огтхон тайвшраагүйгээр барахгүй амралтын газар ухаан алдаж унаад хамт явсан хүмүүсээ бүр сандаргаж орхижээ. Намуун гар утсаа барагтай л бол асаахаас татгалзах болов. Гэсэн хэдий ч бүр яалт ч үгүй гар утсаа салгасан хойно ч гэсэн утас нь өөрөө асаж өнөөх заналхийлсэн мессеж ирэх нь хэвийн үзэгдэл болжээ.
Ингэсээр Намуун аргагүй тэсвэр алдаж үүрэн телефон утасны комданиудаар очиж шалгуулсан хэдий ч “Манайд яг ийм байдлаар дугаар нууцлах үйлчилгээ байхгүй. Өөр компаниудаас лавла” гэсэн хариу өгсөн аж. Ингээд Намуун аргагүй цагдаад хандсан ч заналхийлсэн мессежний эзнийг хэн бэ гэдгийг тогтоож чадсангүй. Яадахад Намуунд өөрт нь “Намайг дарамтлаад байгаа этгээд энэ л болов уу” гээд таамаглаад хэлчих ганц ч хүн байсангүй. Ингэсээр эцэст нь Намуун энэ мессежинд ач холбогдол өгөхгүй байхаар хатуу шийджээ.Өөрийг нь заналхийлээд байгаа ч гэсэн үнэн хэрэг дээрээ надад халдаж гай болоод байгаа юм байхгүй гэж өөртөө хэлээд бага ч атугай тайвшрахыг хичээж эхэллээ.
Эзэн минь танд мессеж ирлээ
Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт...Үхдэл болох өдөр чинь ирлээ...АДГУУС МИНЬ
Намуун хэдийн танил болсон энэ мессежийг авангуутаа “өөдгүй новшоо, читийм сүрхий юм бол гараад ир. Тэгээд надтай яриач” хэмээн гар утас руугаа хоолойныхоо чадлаар тэсвэр алдан бархирлаа. Энэ мөчид үдшийн бүрэнхий болж байсан бөгөөд Намуун урьдын адил гэртээ ганцаараа байлаа. Гэрт чимээ аниргүй нам жим байх агаад энэ байдал нь Намуунд яг л хаа нэгтэйгээс үхэл ирээд өөрийг нь авч явах нь уу гэмээр сэтгэгдэл төрүүлэх шиг. Гэтэл тун удалгүй энэхүү нам жим байдал төгсгөл болж Намууны гар утсанд дуудлага ирж хөгжим хангинах нь тэр. Сүүлийн өдрүүдэд Намууны утсанд дуудлага ирэхээ болиод удаж байгаа билээ. Учир нь тэрээр өнөөх муу ёрын мессежнээс болоод ихэнх хугацаанд утсаа салгаж байсан. Тийм болохоор Намууны гар утсанд ингэж дуудлага ирэх нь их л сонин үзэгдэл боллоо. Ойрд дуугараагүй утсаа гэнэт ингэж дуугарахад нь Намуун эхлээд цочсон хэдий ч тэр дороо тайвшран өөр лүү нь хэн залгаж байгааг мэдэхээр дэлгэцрүү харав. Гэтэл гар утсанд ирж буй дуудлага гардаг жижигхэн электрон самбарт нь ямар ч утасны дугаар харагдсангүй. Хэн нэг нь Намуун руу дугаар нь гардаггүй утаснаас залгаж байх нь тэр. Намуун энэ дуудлагыг өнөөх мессежтэй холбож бодоод ар нурууных нь хүйтэн хөлс асгарах шиг боллоо. Гэсэн хэдий ч тэрээр энэ бодлоосоо даруйхан татгалзаж амжив. “Зүгээр л миний утас эвдэрчихсэн байх, эсвэл үүрэн телефон утасны компанид асуудал гарсан биз” хэмээн өөрийгөө хуурсаар хэсэг тээнэгэлзэж байгаад утсаа авлаа.
-Байна уу, хэн бэ?
Намууны энэ асуултын хариуд хэн нэгний чихарсан муухай хүржигнэх мэт дуун гарснаа нэг эрэгтэй сөөнгөтсөн хоолойгоор ярих нь тэр.
-Надтай ярихыг хүсээ юу?
-Чи хэн бэ?
-Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт....Үхдэл болох өдөр чинь ирлээ....АДГУУС МИНЬ
Энэхүү чихарсан муухай сөөнгө хоолойгоор ярьж байгаа үл таних эрэгтэй өнөөх мессежээр дарамталдаг этгээд мөн байх нь ээ гэсэн бодол төрмөгц нь Намуун хурдхан шиг утсаа салгачихлаа.
Тэгмэгц дахиад л мессежний хонх дуугарах нь тэр.
“...Эзэн минь танд мессеж ирлээ.”
Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт...Үхдэл болох өдөр чинь ирлээ....АДГУУС МИНЬНамуун өөрийн эрхгүй гиншин уйлж, гартаа атгаж байсан утсаа хана руу хамаг хүчээрээ савж орхилоо. Чулуун хананд шидэгдсэн утас бут үсрэн хэдэн хэсэг болсон ч гэсэн гол эх бие нь ажиллагаатай үлджээ. Утсанд дуудлага ирэх хонх дахин дуугарав. Намуун яахаа мэдэхгүй шалан дээр эвхрэн суугаад уйлж байснаа тасралтгүй дуугарсаар буй дутуу эвдэрсэн утсаа очиж авлаа. Өнөөх л саяын дугаар нь гардаггүй үл мэдэгдэх дуудлага. Намуун тэссэнгүй утсаа шүүрч аваад “Новшоо чи тэгээд надаас юу хүсээ вэ. Би энд байж л байна, тийм сүрхий юм бол ирээд тэгээд намайг үхүүлээч дээ” хэмээн хашхирлаа.
Үүний хариуд өнөөх чихарсан сөөнгө хоолойтой эрэгтэй шивэгнэн ярив.
-Үхэх өдрөө хүлээж бай. Чамд үхлийн амтыг мэдрүүлэх болно. АДГУУС МИНЬ.
-Тэнгэр минь, гуйя чамаас. Чи хэн бэ?
-Намайг мартчихаа юу?
-Гуйж байна намайг тайван орхи лдоо тэгэх үү, гуйж байна. Би чамд гай болоогүй шүү дээ.
-Адгуус минь сонсож бай. Хөршийнхөө охины хоолойг хутгаар хэрч. Тэгвэл амьд явах хоногийн чинь тоо уртсана.
-Муу галзуу солиотой, гаж донтой новш. Чамайг цагдаад барьж өгнө шүү
-Дахиад хэлье, адгуус минь. Хөршийнхөө охины хоолойг хэрч.Тэгвэл амьд явах хоногийн чинь тоо уртсана.
-Өөдгүй амьтан минь, тэр чинь дөнгөж зургаахан настай шдээ
Намуунаагийн ийнхүү хашхирч хэлсэн үг маш ихээр цөхөрч байгааг нь илтгэж байв. Дараа нь чухам юу болсноо ч Намуун мэдсэнгүй. Нэг л мэдэхэд тэрээр гартаа байсан утсаа бүр юу ч үгүй болтол нь үйрүүлэн дэвсэж байх нь тэр. Гэрт дахин чимээ аниргүй боллоо. Айдас түгшүүр Намууныг эзэмдэж хоёр өрөө байрных нь нүх сүв болгонд нь чөтгөр ороод үүрлэчихсэн мэт таагүй орчин үүсэх нь тэр. Намуун байшингийнхаа буланд нуруугаараа наалдаад өвдгөө нугалан нүүрээ гараараа дарж шалан дээр хэсэг суув. Намуун айж сандарснаасаа болоод ухаан нь балартаж, орон гаран байдалтай болчихжээ. “Одоо утсаа эвдчихсэн юм чинь энэ муу заналхийлсэн гаж донт намайг яахыг нь харъя л даа. Яаж ч чадахгүй юм чинь, намайг хаанаас гэж олох билээ” Намууныг энэхүү бодлоо гүйцээж ч амжаагүй байхад нь гэнэт гэрийнх нь хаалгыг нүдэх чимээ дуулдлаа. Намууны гэрийн үүдэнд хэн нэгэн ирчихээд дотогшоо орохыг хүсч байна. Ямартай ч үүдэнд хэн ч байлаа гэсэн тэр хүнд өөрөө хэрэгтэй байгаа гэдгээ Намуун мэдрэх шиг болов.
Тэнгэр минь, тэнгэр минь. Арай саяын нөгөө сөөнгө хоолойт биш байгаа даа.Утас минь холбогдохгүй болохоор үүдэнд хүрээд ирчихсэн юм болов уу? Тэнгэр минь битгий л тийм байгаасай. Би ер нь яасан юм бэ. Намайг ямар нүгэл хийсний төлөө энэ үл таних эрэгтэй ингэж дарамтална вэ? Би яагаа ч үгүй шүү дээ.Бас хөршийнхөө охины хоолойг хэрч гэнэ шүү. Хөрш айлын Энхриймаа чинь дөнгөж зургаахан настай шүү дээ. Яагаад заавал би түүнийг алах хэрэгтэй болдог билээ?
Намуун энэ бүх асуултуудыг өөртөө тавьсаар үүд рүүгээ зүглэн нэг хоёр гишгэлэв. Намуун хаалга руугаа бүр тэгтлээ их дөхсөнгүй. Хэдий үүднийх нь өрөөний гэрэл асаалттай байгаа ч гэлээ харанхуйд яваа хүн шиг ханаа налан маш удаанаас алхаж байсан Намуунаа үүднээсээ зургаа орчим алхмын зайтай зогсоод чанга дуугаар “хэн бэ?” гэж асуув.
-Намуунаа эгчээ, би Энхриймаа байна аа. Танд хурц иртэй хутга байна уу?
-Бурхан минь, чи хутгаар яах нь вэ?
Намуунаа ингэж хэлэхдээ өнөөх түрүүний утсаар ярьсан сөөнгө хоолойтой эрийн “Хөршийнхөө охины хоолойг хутгаар хэрч, тэгвэл амьд явах хоногийн чинь тоо уртсана” гэсэн үгийг саналаа.
Намууны асуултанд Энхриймаа охин хэсэг хугацаанд хариулахгүй байж байснаа
-Тэгээд танд хутга байхгүй юм уу?
-Байхгүй ээ, охин минь
Охины учир битүүлэг санаанд оромгүй асуулт, басхүү өнөөх өөрийг нь заналхийлэгч этгээдийн хэлснийг бодон түгшсээр Намуун хаалгаа ч тайлж өгсөнгүй. Уг нь, тэрээр хөршийнхөө бяцхан охин Энхриймаатай маш дотно байдаг хэдий ч энэ удаад түүнийг гэртээ оруулахыг хүссэнгүй. Яагаад ч юм Энхриймаа охины энэ үг түрүүчийн заналхийлэгч этгээдийн хэлсэн хоёр урьд хождын ямар нэгэн зүйлийг санагдуулаад байх шиг. Гэхдээ чухам яг юу вэ гэдгийг Намуун нэрлэж чадахгүй байлаа.
Энэ шөнө Намуун бүх өрөөнийхөө гэрлийг асаагаад том өрөөнийхөө буланд нуруугаараа налан сууж өөрийг нь заналхийлэгч үл таних эрэгтэй чухам хэн болоод ингэж уйгагүйгээр өөрийг нь зовоож байгаа тухай бодлоо. Ёстой л нөгөө бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг түүний санаанд олигтой учир шалтгаан орж ирсэнгүй.
Энэ шөнө Намуун тайван амарч чадсангүй.Жаахан дугхийх болгондоо өөрийгөө ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй Энхриймаа охиныг тарчлаан зовоож том балиусан хутгаар хоолойг нь хэрчиж байгаагаар харах аж. Цус годгодон үсэрч жаахан охины амь тавин тийчилж байгаа нь тодоос тод харагдахад Намуун зүүднээсээ цочин сэрэв. “Тэнгэр минь, ямар муу ёрын зүүд гээч нь энэ вэ” хэмээн дөнгөж дуулдах төдий шивнэсэн болов. Түүний нүүрээр хүйтэн хөлс дааварлаж хамаг бие нь салганан чичирч байлаа. Орь ганцаархнаа хоёр өрөө байранд шөнийг өнгөрүүлж буй Намуун айдсаа үргээхийн тулд зурагтаа хүртэл асааж хүүхэлдэйн кино үзэх аж. Гэвч саяын тэрхүү муу ёрын зүүд нь санаанаас нь гарсангүй. Басхүү өнөөх сөөнгө хоолойтой муу ёрын заналхийлсэн эрийн АДГУУС МИНЬ гэж ирээд л өөрийг нь заналхийлсэн тэр бүх муу үгсүүд нь бүр санаанаас нь гарахгүй болоод сэтгэлд нь хоногшчихоо юу гэлтэй. Ашгүй тэгсхийсээр байтал үүр цайж Намууны сэтгэлд татсан айдсын манан бага багаар арилж эхэллээ
Намуун утсаа юу ч үгүй үйрүүлж хаясныхаа ачаар хэдэн өдөр хэн нэгний сүрдүүлгийн үг сонсолгүй сэтгэл амар явжээ. Ажилдаа ч эргэж орохоор болж гар утасныхаа хуучин дугаарыг мартаад шинийг авахаар шийдэв. Ингээд Намуун Даваа гарагийн өглөө Мобиком корпорацийн дугаар борлуулах цэг дээр очиж шинэ дугаар шинэ гар утас сонгов. Намууны сэтгэл тайван, айж түгшиж байсан үетэйгээ харьцуулбал жаахан ч гэсэн аз жаргалтай байлаа. Одоо дугаараа сольчихож байгаа юм чинь тэр муу гаж донтой, сөөнгө хоолойтой эр намайг заналхийлж чадахгүй хэмээн бодсоор шинэ гар утсаа асаалаа. Ийнхүү түүнийг дөнгөж утсаа нээмэгц дуудлага ирэх нь тэр. Өнөөх л дугаарын нууцлалтай дуудлага. Намуун эгээтэй л цус харвачихсангүй... Түүний хамаг бие нь салгалж, дуугарч чадахгүй хоолой нь чичирхийлээд өөдөөс нь хараад лангууны цаана сууж буй гар утасны худалдагч руу айсан нүдээр ширтэн харав. Өнөөх нь нэлээд гайхсан байртай харж байснаа өмнөх ажлаа үргэжлүүлэн хаа хамаагүй хүмүүстэй ярилцаж Намууныг авч хэлэлцсэнгүй. Намуун утсаа авсангүй. Тэрээр чухам яахаа мэдэхгүй байсаар нэг л мэдэхэд гэрийнхээ зүг алхаж байв. Энэ үед ч гэсэн Намууны гар утас нь дуугарсаар байв. “Нөгөө сөөнгө хоолойт чинь байх даа” гэсэн айдас санаанаас нь гарахгүй байгаа Намууны ар нурууных нь хүйтэн хөлс асгарч байлаа. Тэнгэр минь, хэрвээ үнэхээр нөгөөх чинь мөн бол яагаад, тиймээ яагаад шуудхан ингэж залгадаг байна аа. Ер нь биш байлаа ч гэсэн намайг өөрийнхөө утасны дугаарыг ч цээжилж амжаагүй байхад хэн ингэж удаанаар дууддаг билээ. Намуун яагаад, яагаад гэсэн асуултыг өөрөө дахин дахин тавьж, гар утас руугаа гөлийсөн нүдээр ширтэн маш удаанаар алхаж байлаа. Ингэсээр эцэст нь тэрээр утсаа авчээ. Намууны хоолой чичирхийлж олигтойхон дуугарч чадсангүй.
-Байна уу, чи юу?
-Адгуус минь, надаас ийм амархан салчихна гэж бодоо юу. Үхэх өдөр чинь хаяанд ирлээ. Хөршийнхөө охины хоолойг хутгаар хэрч. Энэ чиний амьд үлдэж болох цорын ганц зам
-Тэнгэр минь, чамаас гуйя. Чи хэн юм бэ? Надруу дахин битгий залга, би гуйж байна.
-Энхриймааг ал. Өөрийнхөө амийг аварч үлдэхийн тулд охины хоолойг хутгаар хэрчих үү, эсвэл өөрөө үхлийн муугаар үхмээр байна уу?
-Гуйя. Яагаад заавал би энэ хоёр сонголтын аль нэгнийг сонгох хэрэгтэй гэж?
-Үхлийн амтыг мэдэр, АДГУУС МИНЬ. Үхдэл болох өдөр чинь ирлээ
Намуун тэсвэр алдаж шинэхэн авсан гар утсаа зам дээр хага шидчихлээ. Тэрээр гудамжны сандал дээр хааш яйш суусан болж эхэр татан уйлж байлаа. Хажуугаар нь зөрж өнгөрөх хүмүүс түүн рүү галзуу солиотой эсвэл согтуу хүн рүү харж байгаа мэтээр сэжиглэнгүй хялайсаар холуур өнгөрөх аж. Уг нь Намуун гэртээ нэлээд ойрхон ирчихжээ. Гэвч түүний оюун ухаан өөрийгөө хаана яваагаа ч мэдэхгүй байлаа. Түүний толгойд зөвхөн “Би амьд үлдэхийн төлөө яагаад заавал Энхриймааг алдаг билээ” гэсэн аймшигтай шаналгаатай бодол эргэлдсээр. Хичнээн ч цаг суусан юм бүү мэд. Харуй бүрий болж эхэлсэн энэ мөчид Намуун жаахан сэхээ аваад хажууд нь хэн нэгэн зогсож байгааг мэдрэв. Нүүрээ даран доог тонгойгоод сууж байсан тэрээр цочин өндийлөө. Өөрийн нь өмнө хэн зогсож байгааг хараад гайхан балмагдсан Намуун “Чи чинь...” хэмээн дуулдах төдий шивнээд үгээ гүйцээлгүй хөшиж орхих нь тэр.
Намууны уйлсандаа бэлцийж, айж сандарсан нүд рүү Энхриймаа охин ширтэн зогсох аж. Үсээ хоёр хуваагаад боочихсон цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд цамцтай жаахан охин Намууны хажуунаас холдохгүй зогссоор байгаа хэдий ч юу ч ярьсангүй нэлээд удлаа. Намуун энэ мөчид Энхриймааг харсаар аргагүй барьц алдаж, яах ёстойгоо, юу ярихаа ч мэдсэнгүй. Гэтэл Энхриймаа Намуун руу маш нухацтайгаар ширтэж байснаа түрүүлж ам нээлээ.
-Намуунаа эгч ээ...
-Юу гээв миний дүү. Чи энд юу хийж байгаа юм бэ?
-Намуунаа эгч ээ танд нээрээ хурц иртэй хутга байхгүй юм уу?
-Чи чинь юу асуух нь энэ вэ. Байхгүй. Байхгүй ээ, байхгүй. Байхгүй мэдэв үү. Байхгүй гэж чи хэд хэлүүлэх гэсэн юм. Эсвэл үхмээр байгаа юм уу. Эндээс зайл чи, муу тамын сүнс минь.
Энэ үгээ Намуун маш чангаар хашхиран хэлжээ. Тэрээр үнэхээр биеэ барьж чадсангүй маш ихээр бухимдаж байлаа. Энхриймаа охин ч Намууны гэнэтийн энэ огцом уурнаас айснаас уу, ямартай ч орц руугаа гүйгээд орчихлоо. Энхриймаа чангаар цурхиран уйлж өөрт нь туслах хэн нэгэн байгаа эсэхийг хайж олох гэсэн мэт эргэн тойрноо харах аж. Гэвч хэн ч түүнийг өрөвдсөн харцаар харсангүй. Зуны шөнө болжээ. Намуун гэртээ орж чадахгүй орцныхаа үүдэн дээр гараа элгэндээ зөрүүлэн нааш цааш холхисоор.     Намууны сэтгэлийн мухарт хүртэл шингэсэн гэлтэй өнөөх заналхийлэгч эрийн сөөнгө хоолой чихэнд нь сонсогдох шиг болж магадгүй ард нь ирчихээд зогсож байгаа ч юм билүү гэсэн бодлоор өөрийн эрхгүй эргэн харна. Цаг явсаар, нэг л мэдэхэд бүр шөнө дунд болжээ. Намуун ингэсээр ямар гадаа хонолтой биш гэж бодоод гэртээ орохоор шатаар өгслөө. Ганцаархнаа амьдардаг хоёр өрөө байрныхаа хаалгыг түлхүүрдэн онгойлмогцоо үүднийхээ өрөөний гэрлийг асаав. Түүний гэрийн нь энэхүү ямар ч чимээ аниргүй орчин өмнө нь маш сайхан амралт болдог байсан бол одоо чөтгөрийн үүрэнд ороод ирчихсэн мэт айдас төрүүлэх нь тэр.
Тог...тог... тог
Намууныг дөнгөж том өрөө рүүгээ ороход ийнхүү араас нь хэн нэгэн хаалгыг тогшив. Энэ шөнө дунд хэн байдаг байна аа гэсээр Намуун хаалга руугаа дөхлөө. Магадгүй хий юм сонсов уу гэж бодсон хэдий ч хаалга тогших чимээ дахин сонсогдсоноор Намууны эргэлзсэн бодлыг бүрмөсөн байхгүй болголоо.
-Хэн бэ?
-Намуунаа эгч ээ, би Энхриймаа байна
-Чи яах гээв. Надад хурц иртэй хутга байхгүй. Чамайг дахиж ингэж асуугаад ирэх юм бол аав ээж хоёрт чинь хэлнэ шүү. Явж унт. Чам шиг ийм жаахан хүүхэд энэ харанхуй шөнө болсон хойно айлын хаалга тогшиж болдоггүй юм.
-Би танаас хутга асуух гээгүй ээ
-Тэгээд яах гэсэн юм
-Тантай нэг хүн утсаар яръя гээд байна
Энэ үгийг сонссон Намууны зүрх палхийгээд явчих нь тэр. Арай нөгөө....гэсэн бодол Намуунд төрж тэрээр хаалганаасаа хэдэн алхам ухарлаа. Намуун Энхриймаад ямар ч хариу хэлж чадсангүй. Айснаасаа дагжин чичирч, шорвог нулимс хацрыг нь даган урсав. Гэвч хэсэг хугацаа өнгөрөөд дахиад л тог... тог... тог.... гэсэн хаалга тогших чимээ үргэлжиллээ.
-Намуунаа эгчээ, хаалгаа тайлаарай. Тантай хүн утсаар яръя гээд байна.
-Энхриймаа, чи яв. Гуйж байна. Би одоо хэнтэй ч утсаар ярихгүй. Яв дуулав уу чи. Наанаасаа яв, хэн ч байлаа гэсэн би наад утсаар чинь ярихгүй.
Энхриймаа охин энэ үгийн хариуд юу ч хэлсэнгүй. Чимээ аниргүй байдал нэг минут хэртэй үргэлжиллээ. Ингэсээр эцэст нь Энхриймаа гэрийнхээ шаахайг чирэн буцаж алхах чимээ хаалганы цаана сонсогдож, хөршийн нь хаалга хаагдах чимээ үргэлжлүүлэн дуулдав. Үүнийг сонссон Намуун хагас дутуу тайвширсан боллоо. “Ямар гээчийн муу ёрын юм болоод байна аа. Тэр өөдгүй заналхийлэгч сөөнгө хоолойтой эр намайг хаа ч явсан яг л сүүдэр мэт дагаж бүх үйлдлийг минь хянаж байгаа хэрэг үү. Ээ бурхан минь, би юутай учрах нь энэ вэ. Хэн нэг нь надад туслаач” Намуун өөрөө өөртэйгөө ийнхүү бодлоороо ярилцаж өөрт нь авралынхаа гарыг сунгах хэн нэгнийг эрхгүй хэн нэгнийг үгүйлэх аж.

Хар дарсан зүүднээс өөр ямар ч үзэгдэлгүй муу ёрын харанхуй шөнө ашгүй Намууны ард үлджээ. Өглөөний нарны туяа орчлонг гэрэлтүүлж шувууд жиргэн нисч, “сүү аваарай” гэх худалдаачны баргил хоолой амьдралын шинэ өглөө эхэлж байгааг илэрхийлнэ.
Намуун унтсан унтаагүй хоёрын хооронд хамаг бие нь хөшөөд муухай царайлсан хүн угаалгынхаа өрөө рүү гуйвлан зүглэлээ. Тэрээр яг л нөгөө дутуу алсан могойтой өөрийгөө зүйрлэж өрөвдөх ч шиг болов. Угаалгынхаа өрөөний гэрлийг асааж крантаа суллан бүлээн ус гоожууллаа. Тэгээд өглөө болгон харж нүүр амаа янзалдаг том толиндоо өөрийгөө харав. Царай нь цонхийж, үс нь өрвийн ширэлдээд бага зэрэг онигордуу нүд нь уйлсандаа бүлцийн хавдаад ямар ч сүр сүлдгүй нэгэн болж хувирчээ. Сэтгэл тавгүй байдал, тэр дундаа айдас гэдэг хүнийг яг л хатсан навч шиг юу ч биш болгочихдог юм байна гэдгийг Намуун ойлгох шиг. Түүний царайд ямар ч баяр баясгалан, амьдын гал цог үгүй болжээ. Яг л бүх итгэл найдвараа алдаад үхлээ хүлээж байгаа хүн шиг тийм нэгэн дүр зургийг тэрээр толинд туссан өөрийнхөө тусгалаас олж харав. Тэрээр ийнхүү толинд туссан өөрийнхөө дүрс рүү нүд салгалгүй ширтэж байснаа ярьж эхэллээ.
-Яасан ч сул дорой, ядруухан болчихоов дээ. Ингэж хүнд дарамтлуулж амьдын сүг болж амьдарснаас зүгээр үхчихдэг ч юм билүү. Гэхдээ л үхмээргүй байна, би залуу хүн шүү дээ. Нөхөртэй, хүүхэдтэй болмоор байна. Өөрийнхөө аз жаргалтай ертөнцийг бий болгомоор байна. Гэтэл түүнээс урьтаад үхчихвэл яана аа.
Толь руугаа ширтсээр байгаа Намуун ингэж хэлээд баргар царайгаа улам бүр барайхыг харав. Хүнд ямар ч халширмаар бэрх зүйл тохиолдож байсан амьд явах хүсэл нь бөхдөггүй гэдгийг Намуун өөрөөрөө батлах шиг. Хацраа даган урссан ганц дусал нулимсаа арчсан Намуун “Яасан ч дуусдаггүй нулимс вэ дээ” хэмээн өөртөө зориулж хэллээ. Ганцаардаж өөрийгөө өрөвдсөн бүсгүй толь руу ширтсээр. Гэнэт тэрээр толинд тусаж буй дүрсгийг өөрийгөө биш байх хэмээн эргэлзэж эхлэх нь тэр. Нэг л өөр, өөрийнх нь дотор өөр хэн нэгэн орчихоод даажигнаад ч байгаа юм шиг. Энэ мөчид яг л Намуун өөрийгөө харах биш Намууныг хэн нэгэн хараад байх шиг тийм мэдрэмж төрлөө. Намуун айж эхлэв. “Энэ би биш байна” гэсэн бодол нь улам идэвхжиж өөрөө өөрөөсөө айж эхэлж буйгаа тэрээр мэдрэв. Энэ үед өнөөх өөрийг нь заналхийлэгч сөөнгө хоолойтой эрийн “Намайг мартчихаа юу?” хэмээн утасны цаанаас хэлж байсан нь чихэнд нь дахин сонсогдлоо. Намууны энэ хэн бэ гэсэн бодолтой нь зэрэгцэн өнөөх толинд туссан өөрийнх нь дүрс нүд нь жартайн инээмсэглэх нь тэр. Өөрийн нь тусгал болсон уг дүрс бүр харсаар байтал шүдээ ярзайлган инээгээд цус болсон улаан хэлээ гаргаж ирэн уруулаа шилэмдэн долоолоо. Намуун мэл гайхаж цэл хөхрөнө гээч нь болов. Би өөрөө өөрийнхөө хөдөлгөөнийг хүртэл хянаж чадахаа больчихоо юу хэмээн айхын хажуугаар эргэлзэж байсан Намуун хацар, уруулаасаа чимхэж үзэв. Хацар нь үрчийгээгүй, уруул нь жимийсэн хэвээр байх нь тэр. Тэнгэр минь, тэнгэр минь юу болох нь энэ вэ?
Намуун толинд туссан магадгүй өөрийнхөө дүрснээс хэмжээлшгүй ихээр айж байсан ч тэндээс нүднийхээ харцыг салгаж чадсангүй. Өнөөх толин доторх Намууны дүрс баруун гараа өргөж хоолойгоо зүсэх хөдөлгөөн үзүүлэв. Гэтэл яг энэ үетэй нь зэрэгцэн өнөөх сөөнгө хоолойтой эр “Энхриймаагийн хоолойг хэрч, түүнийг ал. Чи бол АДГУУС” хэмээн шивнэлээ. “Чи бол адгуус, чи бол адгуус, чи бол адгуус...”
Намуун хэдий чихээ тагласан ч өнөөх сөөнгө хоолойтны “Чи бол адгуус” хэмээх үг цуурайтсаар. Харин өнөөх толинд туссан дүрс нь хоёр гараараа амаа таглаад биеэ займчин инээж байх нь үзэгдлээ. Намуун нүдээ улам бүлтийлгэн харж хамаг бие нь салганаж буйгаас үзэхэд тэсэхзйеэ бэрх байгаа бололтой. Гэтэл энэ үед гэнэт хаалга тогших чимээ сонсогдов. Сөөнгө хоолойтой заналхийлэгч эрийн “Чи бол адгуус” хэмээн тасралтгүй шивэгнэх үгсийн хажуугаар энэхүү хаалга тогших чимээ маш тод дуулдаж байлаа. Тэгснээ хаалганы цаанаас “Намуунаа эгчээ би Энхриймаа байна аа. Хурц хутга...” гэх үг дуулдлаа. Намуун нүдэн дээр газар босоод ирэх шиг болж ухаан балартан унав. Тэрээр хэдий айж цочирдсоноосоо болоод унасан хэдий ч оюун ухаан нь хэвийн ажиллаж, өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараад ч байх шиг. Хаалга тогших чимээ сонсогдсоор. Гэтэл гэнэт гэрийн нь хаалганы түгжээ нь торхийн мултарч нээгдэх нь тэр. Энхриймаа өөрөө ингээд ороод ирж чадахгүй нь мэдээж. Тэгвэл хэн нэгэн хаалга тайлж өгсөн байх учиртай. Гэхдээ хэн?
Юу болсон юм бүү мэд, ямартай ч Энхриймаа гэрт нь орж ирээд шууд гал тогооны өрөө рүү орчихыг Намуун мэдрэв. Намууны ухаан сэргэх нь битгий хэл улам бүр балартаж бодит орчноосоо холдсоор. Энэ үед түүний чихэнд өнөөх сөөнгө хоолойтой заналхийлэгч эр “Адгуус минь өмнөх амьдралаа хар” хэмээн шивнэх шиг боллоо.
....Хаана байдаг газар юм бүү мэд. Ямартай ч Намуун чийг даасан гэрэл муутай өмхий хонгилоор нэгэн ухаан алдсан хүнийг чирэн явж байлаа. Араасаа чирч яваа тэр хүн нь эрэгтэй, эмэгтэй алин болохыг мэдсэнгүй. Учир нь тэр этгээд цус нөжиндөө хутгалдчихаад нүүр нь нил шарх, сорви болчихсон байх бөгөөд амандаа алчуур чихүүлчихсэн, гар хөл нь хүлээтэй байлаа. Уг этгээдийг Намуун мөрнөөс нь нэг гараараа чирч яваагаа мэдээд өөрийгөө ямар их хүчтэйгээ гайхах шиг болов. Тэрээр өөрийгөө эрэгтэй хүн гэдгээ сая ойлгох шиг боллоо. Намуун хэдий өөрийнхөө юу хийж байгаагаа мэдэж харж байгаа ч өөрийгөө огтхон ч удирдаж чадсангүй. Яг л оюун ухааныг нь өөрөө автоматаар ажилладаг нэгэн биед аваачаад суулгачихсан юм шиг. Тэрээр зөвхөн өөрийнхөө юу хийж байгаагаа л хөндлөнгийн нүдээр харан гайхах аж.
Усны дусал шол шол хийн дусалж хаа нэгтэйгээс хэн нэгэн жаахан охины мэгшин уйлах чимээ дуулдана. Намуун алхсаар тэрээр өөрөө энэ газрыг их л сайн мэдэг байх бөгөөд тэрхүү мэгшин уйлж байгаа жаахан охинд туслах биш харин ч бүр зүйл дуусгахаар шийдчихсэн мэт. Намуун өнөөх чирч яваа хүнээ огтхон ч орхисонгүй, араасаа уйгаггүйгээр чирэн алхсаар. Гэхдээ тэрхүү чирж байгаа хүнээ өчүүхэн төдий ч хайрлахгүй замдаа тааралдсан чулуу төмөр сэлт дээгүүр хүчлэн чирч байв. Намуун өөрийгөө энэ хүнээр чухам яах гэж байгаагаа мэдэхгүй байлаа.
Нэгэн томхон байшингийн хонгил бололтой энэ газраар алхах тусам өнөөх бяцхан охины уйлах чимээ улам бүр тод дуулдаж байв. Охины уйлж буй нь түүнийг дөнгөж тав юм уу зургаан настай байх гэсэн таамаглал төрүүлж байв. Намуун нэгэн жижигхэн төмөр хаалганы өмнө тулж ирлээ. Уг хаалгыг гаднаас нь хүнд төмрөөр даруулан түгжчихжээ. Магадгүй энэ хаалгыг Намуун өөрийгөө түгжсэн байх хэмээн таамаглав. Тэрээр ямар ч эргэлзээгүй явж очоод хаалгыг тайлан дотогш орлоо. Энд өнөөх охины мэгшин уйлах чимээ дөнгөж хажууханд дуулдаж байв.Намуун ухаан алдсан өнөөх этгээдийг чирсээр энэхүү гэрэл муутай жижиг өрөөний булан руу зүглэн алхлаа. Тэнд нэгэн жаахан охин чулуун шалан дээр өвдгөө тэврэн суугаад Намуун руу айсан харцаар ширтэж байх нь тэр. Намууны нүдний харц охиныхтой тулгарсан тэр мөчид тэр охин таньдаг ч хүн шиг санагдаад явчихлаа. Охин Намуунаас айн дальдчиж “аав аа...” хэмээн аврал эрэн шивнэсээр. Намуун тэр охин руу бүр дөхөж очсонгүй, зүгээр л өнөөх чирж ирсэн ухаангүй хүнээ түүний өмнө аваачаад хөсөр орхив.Тэгээд ухаангүй байгаа тэр хүнийхээ хүлээсийг хурц иртэй хутгаар тасалж суллалаа. Тэгмэгцээ аль хэдийн зэхсэн бололтой энэхүү жижиг өрөөний өөр нэгэн булан руу очиж савтай ус авчран ухаангүй байгаа хүний дээрээс цацав. Тэр ухаангүй этгээд эрэгтэй хүн байсныг Намуун сая л анзаарав. Тэр ухаан орж буй бололтой бие нь үл мэдэг хөдөлж эхлэх нь тэр. Тэгмэгц нь Намуун халааснаасаа нэгэн тариур гаргаж ирээд ухаан орж буй эрэгтэйн судсанд тарьж орхив. Чухам энэ үйлдлийг хийхдээ Намуун өөрийнхөө гарыг ямар аймшигтай том, тэгээд бас хэлбэргүй бүдүүн хуруутайг олж харлаа. Яг л алуурчных гэмээр... Намуун өөрөөсөө айж байлаа. Арай би энэ эрэгтэйг алж байгаа нь энэ биш байгаадаа гэж бодон жихүүцсэн хэдий ч түүнд зөвхөн харж мэдрэхээс өөр сонголт байхгүй аж. Би урьд насандаа алуурчин байсан юм байна гэсэн жихүүцмээр бодол Намууны эрүүл ухааны аль нэгэн өнцгөөс шивнэн хэлэх шиг боллоо. Намуун зүүдэлж буй эсвэл урьд насныхаа амьдрал руугаа эргээд оччихсон хоёрын алин болохыг мэдсэнгүй. Ямартай ч тэрээр сэрээд бодит байдалдаа эргэн очихыг хүсч байсан ч чадахгүй байлаа. Бүх юм яг л хувь тавилангаар болж харах ёстойгоо харж байгаа нь энэ юм байх гэсэн мэдрэмж Намуунд төрөх аж.
Бүүдгэр гэрэлтэй энэ чийг даасан умгар өрөөний хана шал зэрэг нь энд тэндээ цусанд халтартчихсан урагдаж тасраад цус болсон хувцас хунар хаа сайгүй хөглөрчихсөн байх нь тодхон үзэгдэнэ. Гэсэн хэдий ч Намуун энэ орчноос огтхон ч цэрвэсэнгүй. Энэ бүх орчинд яг л өөрийнхөө гэр шигээ хандаж хаана юу байгааг сайтар мэдэж байх нь тэр. Айснаасаа болоод бөмбөгнөтөл чичрэх жаахан охин Намууны үйлдлийг хянан нүд салгалгүй ширтсээр.Ухаангүй байсан залуу бага багаар ухаан орж эхэллээ. Өөрийн нь тарьсан тариа тэр залууг ухаан оруулсан хэрэг биш гэдгийг яагаад ч юм Намуун маш сайн мэдэж байв. Намуун ухаан орж байгаа залуу, охин хоёр луу ээлжлэн харснаа үүд рүү эргэлээ. Тэрээр хаалгаа онгойлгоод гарахдаа “Үхлийн үнэр, үхлийн амтыг мэдэрцгээ” хэмээн чихарсан хоолойгоор хашхиран хэлэв. Намуун өөрийнхөө дууны өнгийг сонсоод маш ихээр айн цочирдсон хэдий ч бодит байдалдаа эргэж ирж чадахгүй л байлаа. Ингээд тэрээр гарахынхаа өмнө энгэрийнхээ дотор талын халааснаас нэгэн хурц иртэй балиусан хутга гаргаж ирээд газар орхичихов. Намуун төмөр хаалгыг гаднаас нь түгжлээ. Хүнд төмрөөр даруулж хэдэн давхар цоожилсноор хэн ч дотроос нь гарч чадахааргүй болов. Удалгүй Намуун нэгэн шатаар дээш өгсөж өнөөх үл таних залуу, жаахан охин хоёрыг түгжсэн өрөөний харалдаах дээд давхарт гарлаа. Энэ өрөө доор юу байгаа нь харагдаж болохуйц торон шалтай юм. Өөрөөр хэлбэл түрүүн Намуун ухаан алдсан залууг чирч оруулсан бүдэг гэрэлтэй жижиш өрөө төмөр торон таазтай ажээ. Гэхдээ энэ тааз шалнаасаа бараг гурван метр өндөр бөгөөд өрөөнд байгаа хэн ч гэсэн төмөр торон таазанд яагаад ч хүрэхгүй нь тодорхой байв.
Намуун бүрээс нь урагдсан түшлэгтэй зөөлөн сандал чирч ирээд доор байгаа хоёр хүнийг чөлөөтэй харж болохуйцаар тухлан суулаа. Хорь орчим минут өнгөрсний дараа түрүүний тариа хийлгэдэг залуу бүр мөсөн ухаан оржээ. Тэрээр орчин тойрноо гайхсан нүдээр ширтэж шанаа дух зэргээ эмзэглэн барьж үзэж буй нь өвдөлтөө мэдэрч байгааг нь илтгэх аж.
-Сайн уу залуу минь /Намуун өөрийнхөө чихарсан хоолойг сонсоод дахиад л хирдхийх нь тэр./
Намуун өнөөг хэр нь өөрийг нь олж хараагүй байгаа залуу руу ийнхүү хандаж хэлжээ.
Энэ үгийг сонссон уг залуу цочих шиг болж дээшээ харав.
-Би хаана байна аа?
-Үхлийн амт, үхлийн үнэ цэнийг мэдрэх газар
Үл таних залуу Намууны чихарсан хоолойг сонсоод аргагүй барьц алдан сандарч “Та хэн бэ?” хэмээн арай ядан асуув
-Үхэл бэлэглэгч. Там эсвэл диваажинд очих замыг чинь заагч бурхан чинь байна. Зулбасга минь чи намайг сайн сонсож бай. Чамд гарах гарц байхгүй.Эндээс гарах гэж, зугтах гэж яаж ч оролдоод нэмэргүй.Өөрөөр хэлбэл амьд гарах гарц чинь зөвхөн миний гарт байна.
Үл таних залуу Намууны сөөнгөтсөн яриаг үргэлжлүүлэн сонссонгүй гарах хаалга руу очоод балбаж гарлаа.
-Наад хаалгаа чи яаж ч хичээгээд онгойлгож чадахгүй. Зөвхөн би хүсвэл л наадахыг чинь онгойлгож болно. Залуу хараал тавин тийчилж ханануудыг тэмтчиж байснаа түрүүнээс хойш огтхон ч хөдлөхгүй сууж байгаа жаахан охиныг олж хараад цочих нь тэр.
Намуун сөөнгөтсөн муухай хоолойгоор инээд алдлаа. Танилц түүнийг Энхриймаа гэдэг юм. Энэ жил дөнгөж зургаан нас хүрч байгаа. Харин чамайг хэн гэдэг вэ залуу минь. /Намуун өөрийнхөө ингэж хэлэхийг сонсоод аргагүй цочирдох аж. Энхриймаа, тэгээд бас хурц хутга. Хөрш айлын Энхриймаатай яг ижилхэн чихэр горьдсон хүүхдийнх шиг нүдний харц. Гэсэн хэдий ч Намуун сэрж чадсангүй/
-Миний нэр чамд хамаагүй ээ новш оо
-Хамаатай, хамаатай. Чиний эхнэр чамайг хайрт минь, зургаан настай охин чинь ааваа гэж дуудахыг л би сонссон. Түүнээс биш чамайг өөрөөр дуудаж байсныг чинь сонсоогүй юм байна. Чи тэдэн дээрээ хэзээ ч эргэж очмооргүй байгаа юм биздээ, зулбасга минь.
-Ээ новш гэж. Надаар ер нь яах гэсэн юм бэ. Чамд мөнгө хэрэгтэй байгаа юм уу. Тэгвэл ав. Би хангалттайг өгнө. Надад зөндөө мөнгө байгаа
-Надад мөнгө хэрэггүй. Одоо зөвхөн чиний нэр л хэрэгтэй байна.
-Галбадрах, Галбадрах гэдэг юм. Сонсов уу чи, би Галаа байна. Одоо харин намайг эндээс гарга. Би чамд ямар ч муу юм хийгээгүй, тийм биздээ. Зүгээр л намайг явуулчих.
Залуу ингэж хэлээд бөгшүүлэн ханиалгаж эхэллээ.
-Чи надад муу юм хийгээгүй ээ. Гэхдээ чиний наад амьдрал чинь надад таалагдахгүй байна, Галаа. Чи дэндүү аз жаргалтай амьдарч байна шүү дээ. Гэтэл би ма их зовж байна. Чамаас ялгаатай юм надад юу ч байхгүй. Тэгсэн хэрнээ л би зовоод байна. Би гэр бүлгүй. Мэдээ орсон цагаасаа л өлсгөлөн гэж юу байдгийг мэдэрсэн. Өвчтэй ээжийнхээ аягатай хоолонд хор хийж алаад, олдсон жаахан хоолоо ганцаараа иддэг болсон. Чи муу зулбасга юу ч мэдэхгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй, намайг өлсгөлөнгөөс өөрийгөө аврахын тулд ээжийхээ амиар дэнчин тавьсныг чи мэдэхгүй.
-Чиний амьдрал чинь надад хамаагүй ээ. Чи буг ч байна уу, бурхан ч байна уу надад огтхон ч хамаагүй. Намайг яг одоо эндээс гарга.
Залуу ингэж хэлээд хаалга руу хар тэнхээгээрээ өшигчин тийчилж, орилж гарлаа.
-Галаа чи тайван бай. Наад хаалга чинь онгойхгүй гэж би чамд хэд хэлэх ёстой юм бэ. Зүгээр л жаахан тайван байж бай л даа. Хоёулаа ярилцъя
-Новш гэж. Би хаана байна аа?
-Чи манайд байна аа. Манайх жаахан тохь муутай байгаа байх л даа. Ирсэн зочид маань дандаа л явах гэж яардаг юм.Чи ч гэсэн бас тэдэнтэй адил юм шив дээ.
-Би явмаар байна. Чамд юу хэрэгтэй вэ, би чамд хангалттай мөнгө өгч чадна, нээрээ шүү
-Надад чиний мөнгө хэрэггүй ээ. Мөнгө хэрэгтэй байсан бол би ийм арга хэрэглэхгүй. Чи дуулж бай. Би ганцаардаж байна. Үхнэ гэдгээ мэдэхгүй хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байна. Тэд нар ууж идэж, наргиж цэнгэж, унтаж хэвтэж байна. Тэд нар юу ч мэдэхгүй сохор амьтад дэндүү их жаргаж байна. Чи бол тэдний л нэг. Галаа чи хэзээ нэгэн цагт үхнэ гэж бодож байсан уу. Мэдээж чи бодохыг ч хүсдэггүй л дээ. Гэвч чи үхнэ гэдэг чинь үнэн. Нэгэнт л үхэх юм чинь эрт орой байх нь ямар хамаа байна. Гэтэл тэрэн дээрээ тулаад ирэхээр чи үхэхийг хүсэхгүй. Амьд үлдэхийн төлөө яаж тэмцэж тэмүүлэх бол доо. Тэнэг усан тэнэг. Хэдий тухайн үедээ амь гарч чадлаа ч гэсэн дараа нь тэгээд л үхнэ шүү дээ, тийм биздээ. Бусад хүмүүсийн үхэж байгаа нь чамд огтхон ч хамаагүй байдаг. Чи үхлээс үнхэлцгээ хагартал айдаг хэрнээ бусад хүмүүсийн үхэж байгааг ерөөсөө тоодоггүй.
-Тэгээд энэ бүхэн чинь надад ямар хамаатай юм бэ?
-Дуугүй сонсож бай. Галбадрах аа. Чи үхлийн үнэ цэнэ, амьдралын үнэ цэнийг ойлгох хэрэгтэй. Чи эндээс гарах гэж яасан их хүсч тэмүүлж байгааг чинь би харж байна. Энэ чинь л чамайг амьдрах агуу их хүсэлтэй байгааг чинь харуулж байна шүү дээ. Чиний энэ амьд явах хүсэл чинь хэр их болохыг би харахыг хүсч байна. Ойлгож байна уу, чи. Чиний энэ амьд явахсан гэсэн новшийн хүсэл чинь чамайг ямар үйлдэл хийлгэхийг чинь харъя лдаа.
-Бурхан минь, чи юу яриад байна аа. Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна.
Галбадрах ингэж хэлээд түрүүчийнхээсээ ч илүү удаанаар бөгшүүлэн ханиалгалаа
-Би чамд нэг муу нэг сайн зүйлийг хэлье. Чи тайван сонсох ёстой. Өрөөний голд байгаа тэр хоосон тариаг харж байна уу. Тэр дотор хор байсан юм. Ямар ч хүнийг хоёр цагийн дотор үхүүлчихэж чадах гайхалтай хор. Их ч үнэтэй. Гэтэл одоо тэр үнэтэй хор маань чиний биен дотор орчихоод өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байгаа. Лав л би чамд энэ тариаг хийсний дараа хагас цаг хэртэй хугацаа өнгөрснийг дуулгахад жаахан харамсалтай байна гэх үү дээ
-Юу гэнэ ээ, муу өөдгүй новш. Би чинь жаахан хүүхэдтэй хүн шүү дээ. Би чамд ямар гай болсон юм бэ. Би охиндоо хэрэгтэй, ойлгож байна уу. Тэр дөнгөж зургаахан настай.
-Тийм ээ, яг л Энхриймаа шиг. Энхриймаа бас зургаахан настай. Тэр түрүүнээс хойш бид хоёрын юу ярьж байгааг сонсоод уйлаад л томоотой нь аргагүй сууж байна. Магадгүй их айж байгаа болохоор л уйлж байгаа биз. Түүнд бас аав, ээж байгаа. Тэд нар нь одоо түүнийг хайгаад сүйд болж байгаа нь мэдээж.Даанч охиноо энд байгаа гэдгийг яаж мэдэхэв. Шал өөр газраар цагдаа нартай нийлээд л хайгаад байгаа сурагтай байсан. Би түүнийг өчигдөр шөнө энд авчирсан. Тэг яг танай охинтой чацуу, цэцэрлэгт явдаг хөөрхөн охин.
Галбадрах Энхриймаа руу харлаа. Өөрийн нь охинтой дэндүү адилхан охин аврал эрсэн нүдээр өөр лүү нь ширтэж байхыг Галаа олж харжээ
-За тэгээд Галаа чи цааш нь сонсож бай. Би чамд сая муу мэдээг нь дуулгалаа. Одоо харин сайныг нь дуулгана. Чамд амьд үлдэх боломж байгаа. Бүр амьд үлдээд эндээс гараад явах боломж байна. Гэхдээ энд нэг дүрэм үйлчилдэг юм. Энэ өрөөнд хоёр хүн байна. Энэ хоёр хүний нэг л амьд гарах болно. Миний юу ярьж байгааг чи ойлгож байна уу. Чи Энхриймааг ал. Хоолойг нь хутгаар хэрч.Тэгвэл би чамд хорны ерөндөгийг өгөх болно. Энэ тариаг өөрийнхөө судсанд тарихад л болно. Ойлгов уу
Өөрийгөө ингэж хэлээд бас нэгэн өөр тариаг атган авч Галаад харуулж байгаагаа Намуун харж байлаа.
-Энэ бол ерөндөг. Чамайг Энхриймааг алж чадвал энэ ерөндөг чиний шагнал байх болно. Тэгээд чи өөрийнхөө эхнэр хүүхэд дээрээ очих боломжтой болно гэсэн үг л дээ. Тэд чинь чиний дуртай хоолыг хийчихээд хүлээж суугаа гэдэгт би итгэлтэй байна.
-Новш гэж. Юу гэсэн үг вэ. Тэр чинь ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй жаахан охин байна шүү дээ. Би яаж түүнийг алах юм бэ. Би үүнийг хийж чадахгүй шүү дээ
-Сайн байна. Бас хүн чанартай эр байх нь ээ. Мэдээж чи Энхриймааг алахгүй байж болно оо. Тэгвэл энэ жаахан охин надаас илүү чамд баярлана. Гэхдээ мэдээч цаг орчмын дараа үхэхэд охин эндээс ганцаараа гарах болно. Энэ бол шудрага хэрэг. Чи охиныг амьд үлдээхийн тулд өөрийнхөө бүх амийг зольж чадах уу. Энэ бол миний тоглоомын гол дүрэм. Бүх шийдвэр чиний гарт байна. Охиныг алаад өөрийгөө амьд үлдээх үү, өөрийгөө үхүүлээд охиныг амьд үлдээх үү?
Энэ бол чиний сонголт. Эцэст нь хэлэхэд чиний сонголтоо хийх хугацаа чинь улам бүр багассаар байгаа гэдгийг сануулъя. Хор чиний биед маш хурдтайгаар тархаж байгаа.
-Тэнгэр минь, заавал ингэх хэрэг байгаа юм уу. Надад ерөндгөө өгчихөөч дээ, гуйж байна.
Галбадрах ингэж хэлээд цусаар бөгшүүлэн ханиалгав.
-Чи харж байна уу. Хор магадгүй миний хэлсэн хугацаанаас ч өмнө чамайг үхүүлж мэдэх юм. Ямар ч үйлдэл шагналтай байх ёстой. Чиний охиныг алсны төлөөх шагнал бол ерөндөг
-Тэнгэр минь би яаж ийм жаахан охиныг алах юм бэ. Би чинь амьдралдаа хонь ч алж үзээгүй шүү дээ
-Би чамайг заавал ал гэж албадаагүй биз дээ. Зүгээр л сонголт өгсөн. Харин алийг нь сонгохоо л чи өөрөө шийд. Яахав хэрвээ охиныг өрөвдөж байгаа бол чи хэсэг хугацаанд тарчилж байгаад л дуусчихна. Харин охиныг алъя гэвэл би хаалганы ойролцоо хутга орхичихсон байгаа шүү. Тэр хутга чиний үйлдлийг чинь хөнгөвчлөх болно
-Хараал идсэн муу гаж донт оо. Би энэ хоёр сонголтын чинь алийг нь ч хийхгүй мэдэв үү. Би эндээс гараад чамайг барьж зохих газарт нь аваачиж шийтгүүлэх болно.
-Тэг ээ, тэг. Оролдоод үз. Харин дэмий л цаг алдсан хэрэг болох болов уу гэж би айж байна.
-Өөдгүй амьтан, амилсан чөтгөр. Гаж донтой муу новш. Чи бол адгуус. Муу адгуус, чи муу бол ердөө л нэг муу гаж донтой адгуус...
Галаа үгээ гүйцээж чадалгүй бөгшүүлэн ханиалгаж бүр эвхрэн унаад цусаар бөөлжив. Гэтэл энэ үед аль түрүүнээс хойш өрөөний буланд чимээгүйхэн мэгшин уйлж байсан Энхриймаа охин Галаагийн хажууд гүйж ирлээ. Тэрээр “Ах аа та зүгээр үү” гэж хэлээд өөрийнхөө цэцгэн хээтэй жижигхэн алчуураар завжийг нь даган урссан цусыг арчиж байв. Галбадрах юу ч хэлэлгүй охин руу ширтсээр...
Намуун энэхүү хар дарсан аймшигт зүүднээсээ сэрэх гээд чадахгүй байлаа. Тэрээр өөрийнхөө өмнөх насны амьдралдаа хэн байснаа харж байгаагаа маш сайн ойлгож байв. Би алуурчин байсан байх нь гэсэн бодол түүний оюун ухаанд эргэлдэж байгаа ч тэрээр энэ үзэгдлээсээ салж чадахгүй тарчилсаар.
-За тэгэхээр Галаа минь. Чамд одоо ердөө их л удаж гучин таван минут үлдсэн шиг байна. Гэхдээ энэ бол миний тооцоо л даа. Үхэх мөч хүртэл чинь гучин таван минут. Яахав бас ч гэж багагүй хугацаа. Чамд сонголтоо хийх цаг байна аа.
-Өөдгүй адгуус
Галбадрах ингэж хэлээд өндийлөө
-Галаа чи охинтой, тэр охиндоо өөрийгөө маш их хэрэгтэй гээд л үсчээд байсан биш билүү? Чамайг тэр охиныхоо төлөө бас өөрийнхөө амьд явах өдрүүдийнхээ төлөө юу хийж чадахыг чинь би харж байна. Эсвэл бас хаа хамаагүй харь элгийн жаахан охины амийг аврах өрөвчхөн сэтгэлтэй юу гэдгийг чинь үзье. Гэхдээ чи хичнээн өрөвчхөн байлаа гээд өөрийнхөө амийг золиослоно шүү дээ. Энэ бол гайхалтай тоглоом, хамгийн гайхалтай сонголт. Алийг нь ч сонгосон ялгаа байхгүй ээ. Үхэл амьдрал хоёрын үнэ цэнийг ойлгох, үхлийн амтыг мэдрэх энэ гайхалтай тоглоомыг би хүн бүхэнд тоглуулахыг хүсч байна.Үхэл эсвэл амьдрал. Амьд явах эрхээ авахын тулд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй охинд үхэл бэлэглэх ёстой. Ха, ха....ямар гайхалтай хэрэг вэ
Намууны энэ үгийг хэлсэн сөөнгө хоолой хонгилоор нэг хадав. Энхриймаа охин Галаагийн гараас барьж хажууд нь чимээгүйхэн суух нь түүнээс амьдрал гуйх мэт. Чимээ аниргүй хэдэн хором өнгөрөв. Галаа гэнэт шийвэл бололтой маш огцом өндийж босоод охиныг маш хүчтэй түлхэж унагаалаа. Тэгмэгцээ тэрээр бүдчин алхаж үүд рүү зүглэн очоод гаразт унагасан хурц хутгыг авах нь тэр.
-Зүйтэй. Галаа чи өөрийнхөө төлөө, бас өөрийнхөө гэр бүлийн төлөө гайхалтай сонголт хийх гэж байна. Охиныг ал, гэхдээ охины амьдрал гуйсан харц чамайг үхэн үхтэл санаанаас чинь гарахгүй гэдэгт би итгэлтэй байна.
-Амаа тат, адгуус минь. Би чиний хэлснээр охиныг ална. Харин чи амласан ёсоороо надад ерөндгийг өг.
-Тэгэлгүй яахав. Би адгуус ч гэсэн хэлсэндээ хүрнэ шүү
Намуун ерөндгийг Галаад үзүүлж хөгжин баясч байв. Харин Гадаа хутгыг авч Энхриймаа руу дөхөж байлаа. Тэрээр замдаа бөгшүүлэн ханиалгаж ам хамраас нь цус садрах аж. Гэсэн ч Галаа охин руу улам дөхсөөр. Тэрээр охиныг алж өөрөө амьд үлдэхээр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Жижигхэн дөрвөлжин өрөөний булангуудыг дамжин Энхриймаа уйлан зугтах аж. Тэрээр “Ахаа намайг битгий алаач дээ гуйж байна. Би танд өөртөө байгаа бүх тоглоомуудыг зөндөө олон чихэртэй өгье тэгэх үү гуйж байна. Намайг битгий алаач дээ” хэмээн уйлан дуугарна
Галаа энэ үгийг сонсоод тэссэнгүй бололтой гартаа атгасан хутгаа хана руу шидэж орхиод газар сөхрөн унаж духаараа шал мөргөж байв. Харин энэ бүхнийг дээрээс нь харан сууж буй Намууны урьд төрөл тааламжтай нь аргагүй инээд алдаж байлаа. Галаа дахин бөгшүүлэн ханиалгаж хамар амнаас нь бүр чихнээс нь хүртэл цус гарч эхлэв.
-Охин чинь чамайг хүлээж байгаа даа Галаа. Гэхдээ зүгээр ээ, чи Энхриймаа охиныг аварсан юм чинь диваажинд очих байх. Гэхдээ л эхнэр охин хоёр чинь чамайг хүлээж байгаа. Эхнэр чинь чиний дуртай хоолыг хийчихээд хамтдаа орондоо орохыг хүсч байгаа. Гайхалтай, гэтэл чи энд айлын охиныг авраад өрөө үхэж байдаг.
-Адгуус минь чи амаа татаач
Галаа тэссэнгүй бололтой чангаар хашхиран босоод саяын шидсэн хутгаа очиж авлаа. Галаагийн нүд яг л улангассан араатных шиг болон хувирч Энхриймаа руу дөхөв. Энхриймаа хэдий зугтахыг хүссэн ч Галаа хоёрхон харайгаад жаахан охины үснээс шүүрээд авлаа. “Би амьд үлдэхийг хүсч байна, би амьд үлдэхийг хүсч байна. Надад ямар ч буруу байхгүй” гэсэн Галаагийн шивнэх үгс Намууны чихэнд дуулдах төдий сонсогдох аж. Гүйцээ, Галаа жаахан охиныг орилуулан ар нуруугаар нь газар унагаж байгаад гартаа атгасан хурц хутгаар хоолойг нь хэрччих нь тэр. Галаагийн нүүр лүү цус үсрэхэд тэрээр муухай орилж хутгаараа охины биеийг ямар ч өрөвдөх сэдэлгүйгээр бүлж орхилоо. Бас дахиад бүлэв. Бас дахин...бас дахин...бас дахин...
Цус харсандаа ч тэр юм уу, Галаа бүр аймшигтайгаар улангасч орилж байхдаа ерөндгийг авах ёстойгоо мартчихав бололтой. Өндийж ирээд дээшээ Намуун руу харан хараал урсгаж АДГУУС МИНЬ хэмээн чарлаж байлаа. Би чамайг ална даа, харж л байгаарай. Би чамайг заавал ална. Галаагийн хоолой нь дахин дуулдахаа больж хахаж цацан долоон сүвээр нь цус цутгаад хөсөр унав. Намуун хэдий ерөндөгтэй тарилгыг доош нь унагасан ч Галаа түүнийг нь авч амжилгүй амьсгал хураажээ. Өшөө хорсол дүүрэн шингэсэн түүний нүд Намуун руу цоо ширтэж байлаа.
Өмнөх амьдралаа харж байсан Намуун гэнэт сэхээ оров. Тэрээр өөрийгөө алуурчин байснаа ойлголоо. Уг нь Намуун угаалгынхаа өрөөний үүдэнд ухаан алдан унасан ч тэндээсээ хөдөлчихсөн байх нь тэр. Гал тогооныхоо өрөөнд баруун гартаа хутга барьчихсан явж байх бөгөөд зүүн гараарааа хөрш айлынхаа Энхриймаагийн үснээс чирчихсэн байдалтай байлаа.
-Намуунаа эгч ээ, та намайг битгий алаач дээ тэгэх үү, би гуйж байна. Би танд хүүхэлдэй бас өөртөө байгаа бүх чихрүүдээ өгье. Энхриймаагийн энэхүү уйлан дуугарах үг Намууны зүрхийг зүсэх шиг болов. Тэрээр Энхриймаагийн үсийг ч тэр, хутгаа ч тэр зэрэг тавьлаа. Намуунаа өөрийгөө чухам яагаад ийм үйлдэл хийж байгаагаа ойлгосонгүй. Ямартай ч түүнтэй учраад байгаа энэ бүх муу муухай зүйлүүд өөрийн нь урьд насны алуурчны амьдралтай нь холбоотой гэдгийг тэрээр ойлгох шиг.
Энхриймаа охин гал тогооны өрөөний буланд суугаад мэгшин уйлж эхэллээ. Энхриймаагийн уйлахаас өөр чимээгүй энэ мөчид гэнэт утас дуугарах чимээ хадлаа. Энхриймаа охины хүзүүнээс зүүлттэй гар утас дуугарч байх нь тэр. Охин утсаа авснаа Намуунаа руу харав.
-Намуунаа эгчээ, тантай Галаа ах ярья гэж байна.
Хоёр хацрыг нь даган урсаж байсан нулимсныхаа шорвог амтыг Намуун хэлээрээ амталлаа. Тэрээр нэг л мэдэхэд харилцуурыг авчээ. Харин Энхриймаа охин зөрж гараад гүйчихэв.
-Үхлийн үнэр, үхлийн амт ямар байна даа. АДГУУС МИНЬ. Үхдэл болох цаг чинь ирлээ.
Намуун энэ үгний хариуд юу ч хэлсэнгүй. Тэрээр тагтан дээрээ гарчихсан зогсож байв. “Адгуус минь үхлийн амтыг мэдэр” гэсэн үгс Намууны чихэнд цуурайтсаар.
Намуун тагтан дээрээсээ доош тонгойн харахад газар дайвалзан харагдаж нүүр лүү нь босоод ирлээ.